Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Хүйтний улирал эхэлж галлагаа нэмэгдсэнтэй холбоотойгоор ахуйн гал түймрийн болон угаарын хийн дуудлага нэмэгдэж, гал түймрийн улмаас хүний амь эрсдэх эрсдэл өндөр болж байна. Тиймээс НОБГ-аас гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн хохирлыг бууруулах зорилгоор "Мартаж: болохгүй" аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
2016-2021 онд 12378 удаагийн объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан байна. Мөн 100 том хүн 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ. НОБГ гал түймрийн аюулаас 4894 хүний амь аварч, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. Ахуйн гал түймэр гарч байгаа гол шалтгаан нь ил задгай гал гаргах, тамхи шүдэнзний галнаас 4752 буюу 80 орчим хувь нь ил задгай галаас үүдэлтэй байдаг.
Өнөөдрийн байдлаар хоногт галын 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт 45 удаагийн дуудлагатай буюу 2021 он гарсаар хамгийн их гал түймрийн дуудлагатай долоо хоног болж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт таван хүн гал түймэрт өртөн амиа алджээ. Гал болон угаарын хийнд өртөж амиа алдах эрсдэл их байна. Хамгийн их галын дуудлага СХД-т бүртгэгдэж байна.
“Мартаж болохгүй” аянаар дамжуулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, гал түймрээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой.
Монгол гэр зуны цагт гурав, өвлийн цагт таван минутад бүрэн шатаж дуусдаг. Ганц тамхины ишнээс, гагнуурын очноос том эрсдэл үүсдэг. Галын машин бол нисдэг тэрэг биш. Хүмүүс сэрэмжтэй байснаар гал түймрээс сэргийлэх боломжтой.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:
2020-2021 онд 786 хүн угаарын эрсдэлт өртсөн байна. 2021 оны галлагааны улирал эхэлснээс хойш 120 орчим угаарын эрсдэл үүссэн гэх тоо гарсан. Угаарын эрсдэл буураад байгаа ч тайвшрах хэмжээнд хүрээгүй байна. Өмнө нь иргэд сайжруулсан түлш хэрэглэхэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд мэдээлэл дутуу байсантай холбоотой байсан.