
Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи салбарынхаа брокер, захирлуудад зориулан анх удаа академик суурь сургалтын баазыг бий болгож, салбарынхаа манлайлагчдыг бэлтгэх шинэ хөтөлбөр боловсруулжээ. Энэ хөтөлбөрт ҮХХЗ-ын салбарын 70 орчим брокер, захиралууд бүртгүүлснээс 34 залуу брокер, захирал тэнцэж сургалтдаа хамрагдаад байна.
Энэ талаар Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт өмнө нь захирал, брокерийн түвшинд дотоодын сургалтын хөтөлбөр байгаагүй. Харин манай байгууллага болон Санхүү эдийн засгийн их сургууль хамтран 24 цагийн сургалтын хурдасгасан хөтөлбөрийг шинээр боловсруулаад, мөн манлайллын хөтөлбөрөө эхлүүлж байна. Цаашид хөтөлбөрийн хүрээнд уг хөтөлбөрийн оролцогчид Монголын топ 8 захиралын манлайллын хөтөлбөрт хамрагдаж, БРОКЕРУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ уулзалтанд оролцох юм" гэв.
Академи АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны төлөөлөгч байгууллагын хувьд, Leonard P.Reaume Memorial Foundation-ий дэмжлэгээр 2 дахь төслөө хэрэгжүүлж буй нь БРОКЕРЫН МАНЛАЙЛАЛЫН ХӨТӨЛБӨР-2021 юм.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар сүүлийн 20 гаруй жил идэвхтэй бизнесийн үйл ажиллагаа нь явж байна. Гэвч энэ салбарт мэргэжлийн ажилтан, мэргэжилтэн бэлддэг институт огт байгаагүй юм. Харин Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа 3000 гаруй агент, реалтор, брокеруудыг бэлтгэх олон улсын зэрэгтэй болон дотоодын богино хугацааны сургалтуудыг хийж хэрэгжүүлсээр иржээ.
Тэрбээр “ Мэргэжилтнүүд нь салбар дээрээ хүлээн зөвшөөрөгддөг, ёс зүйтэй, ур чадвартай, албан ёсны бүртгэлтэй, сургалт боловсролын хөтөлбөрүүд нь хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Мэргэжлийн сургалтад хүмүүс нь хамрагддаг байж ажлаа албан ёсоор хийж гүйцэтгэдэг байх ёстой гэсэн үндсэн зорилгын төлөө бид энэ төслийг хэрэгжүүлж байна. Цаашдаа захирал удирдлагуудын нэг, хоёр жилийн мастерын хөтөлбөр бэлтгэдэг шинэ боловсролын хөтөлбөрүүдийг нээхээр ажиллаж байна. Одоогоор судалгааны шатандаа явж байгаа" гэв.
Төслийн дэмжин ажиллаж буй СЭЗИС–ийн Тасралтгүй Боловсролын Төвийн эрхлэгч Б.Гантуяа “Олон улсын орчин үеийн бизнесийн түвшинд нэн шаардлагатай ур чадварууд болох энтерпренер сэтгэлгээ, дижитал шилжилтийн онцлог нөлөөлөл, бизнесийн стратеги томьёолол, сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн менежмент зэрэг дэлхий нийтийн чиг хандлагыг илэрхийлэх цогц чадварыг мэргэжлийн түвшинд олгох тал дээр хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Тасралтгүй Боловсролын Төв нь АНУ-ын МIT, Израйлийн Hebrew, БНСУ-ын Хандон Глобал болоэ Европ, Азийн их сургуулиудтай хамтран богино хугацааны сургалт хөтөлбөр, менежментийн аялал, олон улсын түншлэлийн хөтөлбөрийг төрийн болон бизнесийн байгууллагад зориулан тогтмол зохион байгулдаг байна.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академид хандах боломжтой.