УИХ-ын чуулганы хуралдаанаар Ё.Баатарбилэг гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням "УИХ, ЗГ-ын түвшинд хууль, эрх зүйн орчныг өөрчлөөд төрийн үйлчилгээ, ажлаа сайжруулахыг байнга ярьдаг, хичээдэг. Гэвч дунд анхан шатанд замхарчихаад хэрэгжихгүй байна. Сандал ширээ бөглөсөн, шаардлага хангахгүй хүмүүсийг халахаар бүх шатны шүүхээр яваад ялчихаад ирдэг. Сүүлдээ бүр шүүхдээд ажлаа хийхгүй, цалингаа аваад л явж байдаг буруу тогтолцоо руу орчихсон. Төрийн албанд салхи оруулж хувийн хэвшил, ТББ-д ажиллаж байсан гадаад, дотоодод судалгаа хийсэн, салбартаа амжилт гаргасан, туршлагатай хүмүүсийг төрийн албанд ажилласан шалгуурт тооцдог ч юмуу, эрүүл өрсөлдөөнийг бий болгохгүй бол төрд бугшсан чадваргүй, хэл ам ихтэй хэсэг бүлэг дархлагдсан хүмүүс бий болоод удлаа. Үүнийг өөрчлөх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.