ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Аравдугаар сарын 19-нд иргэн Отгонтөгс хэвлэлийн хурал хийж Гавьяат жүжигчин С.Жавхлан, М.Баярмагнай нар Сангийн сайдаас Хамаг Монгол төслийг хэрэгжүүлнэ гэж дөрвөн шантаачилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй гэдэг мэдээлэл анх олон нийтэд хүргэсэн. Үүний дагуу О.Отгонтөгс аравдугаар сарын 20-нд цагдаагийн байгууллага дээр ирж үүнийг шалгуулах гомдол гаргасан. Үүнийг цагдаагийн байгууллага хуулийн дагуу хүлээж аван прокуророор харьяалал тогтоолгосон. Прокурорын газраас уг хэргийг хянан шалгах газар нь Эрүүгийн цагдаагийн алба шалгахаар харьяалал тогтоосон. ЭЦА-наас уг гомдол мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавхлан болон тухайн яаманд ажилладаг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Аравдугаар сарын 20, 21-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийнхаа дагуу албаны утсаар Гавьяат жүжигчин С.Жавхлан руу нийт 11 удаа залгасан. Утсаар залгахад тэрбээр утсаа аваагүй. 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудас өгсөн, ирээгүй. 21-нд мөрдөгчийн дуудах хуудас өгсөн ч хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудас хүргүүллээ, хүлээж авсангүй. Тэрээр хүлээж авахгүй тайлбараа янз бүрээр хэлж байна. Хамгийн гол нь тэр гэрчүүдийн яриад байгаа зүйл үнэн бодитой эсэх талаар өөрөө ирээд тайлбар өгөөч гэдэг асуудал. Дараагийн арга хэмжээ бол шүүхийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээ л байдаг. УИХ-ын гишүүн асан, өөрөө хууль тогтоогч явсан хүн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаад хүрч ирээд тайлбар өгөх байх гэж бодож байна. Дуудах хуудас өгсөн хүлээж авсангүй. Үүнийг хяналт тавьж байгаа прокурорт хандана. Хэрэг шалгах чинь тодорхой хугацаатай. Хууль хүн болгонд эрх тэгш үйлчлэх ёстой. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллана.
Сэтгүүлч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Гавьяат жүжигчин С.Жавхланг сэтгүүлчийн биед халдсан асуудлаар гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага үүнийг хүлээж аваад Зөрчлийн хэрэг нээгээд 5.3.1-ээр шалаглтын ажиллагаа явуулж байгаа”