Коронавирусийн халдвар, нас баралт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдээ долоо хоног гэрт нь амраах захирамжийг Лхагва гарагт гаргасан. Тэрээр Оросууд вакцинд хамрагдах эсэхдээ эргэлзэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэн сайн дураараа вакцинжуулалтад хамрагдахыг ард иргэддээ уриаллаа.
Тэгвэл нийслэл Москва хотын захиргаа Пүрэв гарагт бүх сургууль, үйлчилгээний байгууллагууд, онц шаардлагагүй дэлгүүрүүдийн ажиллагааг 11 хоногийн турш зогсоох шийдвэр зарласан байна.
Учир нь Орос улсын Засгийн газрын коронавирусийн ажлын хэсэг сүүлийн 24 цагийн дотор 36,339 шинэ халдвар гарч, 1,036 хүн нас барсан гэж мэдээлэв. Энэ нь Орост амь үрэгдэгсдийн тоог 227,389-д хүргэсэн нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.
Москва хотын захирагч Сергей Собянин “Москва хот байж болох хамгийн муу нөхцөл байдалд байна. Ойрын өдрүүдэд ковидоос үүдэлтэй нас баралт өвчний эндэгдэл оргилдоо хүрэх төлөвтэй" гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 7 хүртэл өдрүүдэд ОХУ-ын нийслэл ажлын бус горимд шилжих юм.
Энэ өдрүүдэд зөвхөн хотын дэд бүтцийн тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй онцгой салбарууд, хүнс хангамж, эрүүл мэндийн салбарууд ажиллана. Бусад бүх худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, соёл урлаг, амралт, зугаа цэнгээний газрууд үйл ажиллагаагаа зогсооно. Ресторанууд зөвхөн хүргэлт, гадагш авч явах хоолоор үйлчлэхгүй. Мөн хотын засаг захиргааны байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд бас хаана.
Собянин “Ажлын бус өдрүүд коронавирусийн тархалтын гинжин хэлхээг тасалж, эндэгдлийн тоог бууруулдаг нь бидний туршлагаас харагддаг. Тиймээс олон хүний амь насыг аврахын тулд хэсэг хугацаанд амарсны дараа хэвийн амьдралдаа эргэж орцгооё” гэж хотынхоо оршин суугчдад уриалжээ.
Эх сурвалж: APnews