УИХ-ын өнөөдрийн чуулган дээр шинээр сонгогдсон хоёр гишүүн тангараг өргөхийн өмнө СЕХ сонгуулйн дүнг танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ сонгууль биднээс олон дүгнэлт хийх ёстой гэдгийг харуулж байна. Үнэхээр манайх ардчилсан улс орон мөн үү. Ард түмэн төр засгаа байгуулж чадаж байна уу гэдэг зүйлийг асууя. Хэрвээ ард түмний хүсэл зориг төлөөллийнхөө ардчиллаар төрөө байгуулдаг. Өнөөдөр нийт сонгогчдын 50 хувь нь сонгуульд оролцоогүй байна. Эхлээд нөхөн сонгууль явууллаа. Нөхөн сонгууль явуулахын өмнө УИХ-ын гишүүн болоод орж ирсэн хүн больё гээд гараад явдаг. Нөгөө ард түмний өгсөн итгэлийг хөсөр хаяад. Хаана мөнгө байна тэнд очоод дарга хийж байдаг. Ийм юм болсон, үүндээ та нар дүгнэлт хийгээрэй. Дараа нь та нар хоёр нам нийлж байна гээд наймаа хийсэн. Жилийн өмнө бие биенийхээ эсрэг байсан хүмүүс тэс өөр зүйл ярьчихсан байж байсан. Энэ бүхэнд ард түмэн дургүйцсэн байна. Энэ бол сонгууль болж чадсангүй ээ. Сонгууль нэртэй ард түмний татварыг үрсэн, ард түмнийг бухимдуулсан ийм үйл ажиллагаа боллоо. Энэ хоёр залуу энд суух үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёр залуугийн оронд байсан бол ингээд сууж чадахгүй. СЕХ ч гэсэн үүнд ингэж оруулж ирж болохгүй. СЕХ-ны дарга, энэ бүрэлдэхүүн хариуцлага хүлээх ёстой. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой" гэлээ.