Улсын Онцгой комиссын есдүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг аравдугаар сарын 15-наас тусгаарлахгүй байхаар болсон.
Энэ шийдвэрийн хэрэгжилтийн талаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас тодруулахад "Аравдугаар сарын 15-наас эхлэн гадаадаас ирж буй Монгол Улсын иргэд тусгаарлах байранд тусгаарлагдахааргүй болсон. Вакцины хоёр тунд хамрагдсан, сүүлийн 72 цагт өгсөн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол шууд нэвтэрч байгаа юм. Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас гэрийн тусгаарлалтад 14 хоног байх чиглэл өгсөн" гэв.
Мөн Шадар сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатарын хэлснээр хилийн чанадаас ирсэн иргэд холбогдох төрийн байгууллагад гэрийн ажиглалтад байгаа хугацаагаа бүртгүүлэх шаардлагатай аж.