ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
УИХ-н гишүүн Х. Ганхуяг
Сүүлийн 10 жилд нэг хүнд ногдох ДНБ нэг ч төгрөгөөр өсөөгүй. 4000 доллар хэвээрээ л байгаа. Нийт эдийн засаг маань 12 тэрбум гэвэл тэр дотроо л хэн нь илүү их мөнгө олох вэ гэдэг өрсөлдөөн болж байгаа болохоос биш гаднаас ерөөсөө мөнгө орж ирэхгүй байна л гэсэн үг. Тэр 12 тэрбумаа байнга барихын тулд, эдийн засгийн өсөлтийг яг хэвэнд нь хадгалахын тулд асар их хэмжээний мөнгийг гаднаас зээлж байгаа. Ерөөсөө л гурван эх үүсвэр байгаа. Экспорт, зээл, хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтаа бид нар босго гээд хаачихсан. Зөвхөн зээлээр бүх юмаа угжаад явж байна. Өнөөдрийн байдлаар манай зээл нь таазандаа тулчихсан. Нэмж зээл авах боломжгүй болчихсон байна. Хоёрдугаарт, экспортоо хийж чадахгүй. Ковидоос болоод Хятад руу ч юмаа гаргаж чадахгүй. Хятадаас импортоо хийж чадахаа больсон. Гуравдугаарт, ковидоос болоод гаднаас хөрөнгө оруулалт хийе гэсэн ч механик байдлаас онгоц, нислэг, хөл хорио гээд маш олон зүйл шалтгаан. Дээрээс нь тэр 100 мянгаас болоод манайх руу мөнгө оруулах боломжгүй больчихсон. Ийм л нөхцөл байдалтай бид энэ жилийг үдэж байна.
2020 оны 190 орны эдийн засгийг харьцуулсан судалгаа байдаг. 118 оронд тухайлбал, энэ босгыг тэглэчихсэн байгаа. Тиймээс бид нар гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хэд ч байсан Монгол руу оруулж ирэх нөхцөл байдлыг нь үүсгэхгүй бол дараа жил нөгөө төлбөрүүд чинь эхэлнэ. Экспорт зогсчихсон байна. Сүүлийн 10 жилийн төлөөс нь юу байсан бэ гэдэг асуулт бид нар өөрсдөөсөө асуувал 2013 онд доллар 1400 төгрөг байсан. Өнөөдөр 2800 төгрөг байна. Тэр зээлийн чинь үнэ цэнэ иргэдэд яг валютын ханш болоод очиж байгаа юм. Дээрээс нь бид нар цалингаа нэмж чаддаггүй. Багцлаад үзвэл энэ орж ирэхгүй байгаа мөнгөн урсгал чинь ийм хортой байгаа.