Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрээр "Хайгуул олборлолт нь ашигт малтмалын тухай хуулиар явдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Мөн Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан.
Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод энэ төрлийн бүтээгдэхүүний гадаад дотоод зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, шударга болгоно гэж заасан. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ.
Бид экспортын бүхий л боломж, сувгийг ашиглана. Чингэлэг тээврийн терминалыг Монгол жолоочдоор явуулах тухай ярилцаж байна. БНХАУ хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн явж байгаа. Тиймээс БНХАУ-аас авах шатахууны нийлүүлэлт тасалдахгүй" гэв.