Тээвэрчдийн төлөөллөөс Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч байгаагаа дуулган "Эко жишиг тээвэр төсөл"-ийн санхүүгийн баримтыг танилцууллаа.
Тээвэрчдийн төлөөлөл “Таван Толгой Чойр чиглэлийн авто замыг хаасан сайдын тушаалтай холбогдуулаад ААН-үүдийн төлөөлөл энд ирлээ. Чойр чиглэлийн тээвэр 2019 оноос хойш эхэлсэн. Энэ тээвэр маш их хэл ам дагуулж, хааж, боогдож явж байсан. Энэ оноос эхлэн Зам тээврийн яамтай бүх тээвэрчид, ААН-үүдээ төлөөлөөд Баян зам тээвэрчдийн холбоо хариуцлагын гэрээ байгуулж нэгтгэн зохион байгуулалтад оруулж явсан. Энэ тээвэр тавдугаао сард эхлээд наймдугаар сард хаагдсан. Хаагдсантай холбоотойгоор бүх ААН, байгууллагууд , маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, өр зээл тавин байж энэ тээврийг дахин хамтдаа аравдугаар сард эхлүүлсэн. Гэтэл эхлүүлээд сар ч болоогүй хугацаанд энэ тээврийг ЗТХЯ-ны А158 тоот тушаалаар зогсоох шийдвэр гарсан. Энэ шийдвэр ААН, байгууллага, тээвэрчдийг үл тоож, уландаа гишгэсэн шийдвэр гаргасанд харамсалтай байна. Өнөөдөр энэхүү шийдвэрээс болж хохирч байгаа ААН-ийн төлөөлөл нь ирж мэдээлэл өгч байна.
Мөн энэ зам дээр өнөөдрийн байдлаар 160 орчим ААН, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд дандаа дотоодын тээврийн компаниуд байдаг. Мөн 2500-3000 орчим жолооч, тээвэрчин аж амьдралаа залнуулж байна. Чойрын талбайд ачиж, буулгах 50 орчим ААН, байгууллага байдаг. Энэ бүх ААН, байгууллагын орлого нам зогсож байна. Монголын газар нутаг дээрээ монгол тээвэрчид тэвээр хийх эрхгүй болжээ. Бид малчидтай асуудал гарсан гэж ЗТХЯ ярьж байгаа ч тийм биш. Нөлөөллийн бүсэд байгаа малчидтай бид харилцан санамж бичиг байгуулаад хамтран ажиллах гэрээ байгуулан, нийгмийн даатгал төлөөд бүх компаниуд хамтраад зардал мөнгийг нь шийдээд нэгдсэн зохион байгуулалтад ороод ажлаа хийгээд явж байтал төр манай ажил руу хутгалдаж орсноос болоод ажил гацаж зогсоход хүрээд байна. Улсын төсөвт энэ тээвэр өдөрт сая орчим долларын орлого оруулдаг. Энэ тээвэр зогсож байна. Л.Оюун-Эрдэнэ экспортоо нэмэгдүүлье, дотоодын тээврээ дэмжье гэж ярьдаг хэдий ч салбарын сайд нь ажлыг минь гацаагаад сууж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Тээвэр гацааж байгаа гол шалтгааныг их мөнгөтэй холбож ярьж байна. 120 сая төгрөг ААН болгоноос авдаг гэнэ. Тонн тутам нүүрснээс 11 мянган төгрөгийн хураамж авдаг гэнэ. Энэ мөнгийг ААН-үүдийг дарамталж авдаг гэж салбарын сайд лайв хийж ярьсан. ААН-ийн төлөөлөл бид өөрсдөө саналаа тавин замын мөнгийг нэмэгдүүлсэн. Энэ мөнгийг ААН-үүдийг дарамталж авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Харин ААН-үүд замаа сайжруулья, дотоодын экспортыг явуулья, ААН-үүдээ ажилтай орлоготой байя гэдэг үүднээс хийж байсныг мушгин гуйвуулж байгаа нь харамсалтай байна. Төр энэ ажлыг нэг эхэл, боль гээд тогтворгүй үйл ажиллагаа явуулж биднийг тоглоом шиг хоёр тийш нь шидэж байна. Төрийн тогтворгүй байдлаас болж ААН-үүд маш их хохирч байна. Үүнийг дагаад олон мянган тээвэрчид ажил орлогогүй болж байна.
Л.Халтар сайд өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэд хэдэн баримтаар тээвэрчдийг гүжирдлээ. Тухайлбал, Баянзам тээвэрчдийн холбоог. Манай холбоог энэ зам дээр бизнес хийсэн гэж ярилаа. 100 гаруй компани байдгийг 31 компани гэж салбарын сайд нь ярилаа. Бид энэ байдлаас үүдэн ЗТХ-ийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч байгаа. Түүнийг нэр төрд халдсан гэдэг асуудлаар нь шүүхэд өгч байна. Хоёрдугаарт, одоо Засгийн гарын хурал болж байна. Манай асуудал орж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс үүний өмнө алдаатай шийдвэрээ хамгаалахаар ийнхүү мэдээлэл хийсэн гэж ойлгож байгаа. Хамгийн ноцтой зүйл нь Л.Халтар сайд тооны машин дээр тоо бодон тоо баримттайгаар биднийг гүтгэлээ. Бидний авч, төвлөрүүлж байгаа мөнгө санд төвлөрч замд зориулагддаг мөнгө, одоо ч тийм байгаа. Тэр 31 ААН-ийн дунд Өмнөговь аймгийн 8 компани 120 сая төгрөгөө орон нутгийнх гээд өгөхгүй. Санхүүгийн задаргаагаа ярих юм бол энэ мөнгөн дүн хэзээ ч сайдын хэлсэн мөнгөн дүнд хүрэхгүй гэдгийг шүүх дээр нотолно. КТХЯ-ны санхүүгийн аудит Л.Халтар сайдыг аудит хийхээс өмнө манай төслийн санхүүгийн багтай хоёр өдөр суун дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлтдээ хууль ёсны дагуу зарцуулагдсан байна гээд 100-гаас 75 оноо өгсөн байгаа. Гэтэл сайд аудитын эрх мэдлээ даван өөрөө аудит хийдэг хүн шиг тооны машин гаргаж маш өндөр дүнтэй мөнгөн дүнгээр биднийг нийгэмд харлуулахыг оролдлоо. Төрийн сайд хүн өрөөндөө явган хэрүүлийн чанартай судалгаагүй мэдээлэл өглөө" гэв.