Нүүр будалт эмэгтэй хүний гоо сайхныг тодотгодог. Тэр ч утгаараа охид бүсгүйчүүдийн дунд сүүлийн үед нүүр будалтын олон төрөл хэлбэр бий болж буй. Тэгвэл энэ удаад эмэгтэйчүүддээ зориулаад хэрхэн зохимжтой, өөрт тохирсон нүүр будалт хийх талаар зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Энэ талаар “Нүүр будалтын гол зүйл бол нүүрийн хэмжээс байдаг. Хэмжээсийг зөв авснаар нүүр будалт хийхэд арай илүү дөхөм болдог. Духнаас хөмсөг хүртэл, хөмсөгнөөс хамар хүртэл, хамраас эрүү хүртэл энэ гурван хэмжээс тэнцүү байх ёстой. Хэрвээ аль нэг нь том, урт байвал сүүдэр тавьж хасна. Дух жижигхэн байвал хөмсгөө доош нь зурах, эсвэл гэрлийг илүүтэй тавина. Ер нь өдөр тутамдаа нүдээ уусалттай будаж, арьсаа хөнгөн байлгах үүднээс хэт зузаан суурь тавихгүйгээр будвал илүү тохиромжтой байдаг” гэж “make up” артист Т.Ганжаргал хэллээ.
Мөн тэбээр “Нүдний эхлэлээс төгсгөл цэг хүртэл нүдний нэг хэмжээний зай, нүд хоорондын зай тэнцүү байх ёстой. Хол зайтай нүдтэй байвал яах вэ гэвэл урагшаагаа арай илүү бараан өнгөөр будна. Хамраа илүү өндөрлөснөөр нүд ойртож харагддаг. Хэрвээ ойрхон нүдтэй бол эсрэгээрээ гэрэл тавьж бага зэрэг хол харагдуулна. Хамрынхаа доор сүүдэр тавибал охидын хүсдэг шонтгор хамар бий болно. Уруулын доорх хэсгээ сүүдэрлэвэл бомбойж харагдана. Охид бүсгүйчүүд маань юүтүбээс бичлэг үзээд Европ хүүхнүүдийг дуурайж будаад байдаг. Үүнээс үүдэлтэйгээр шанааны ясан доороо сүүдэр тавих тохиолдол бий. Тэгэхээр монгол охидын маань шанаа улам тодорч, том харагддаг. Иймээс аль болох шанаагаа дарж будвал нүүр илүү жижигхэн хөөрхөн харагдана” гэв.
Харин охид бүсгүйчүүдийн хувьд ижилхэн зурахад асуудал гардаг хөмсөгний талаар “Хамрын угалзнаас эгц дээшээ хөмсөгний эхлэл цэг. Нүдний хүүхэн хараанаас өргөлтийн цэг. Нүдний төгсгөл хэсэгт хөмсөгний төгсгөлийн цэг гэж бодоод будах хэрэгтэй. Хэрвээ нүдээ будчихсан, контроо урт зурсан тохиолдолд энэ хэмжээс уртсаад контортой ташуу байдлаар зурагдна. Хөмсөгний өргөлтийн хэсгийн өргөн, урд талын хэсгийн өргөн хоёр аль болох тэнцүү байвал зүгээр харагддаг. Өргөлтийн хэсэг өргөн харагдах тусам, төгсгөл шовх байвал арай илүү овортой харагдана.
Нүдийг контордохгүйгээр тод харагдуулах арга бол сормуусныхаа угийг харлуулж будах. Ингэснээр контур зурахгүй байсан ч гэсэн нүдийг илүү цоглог, сэргэлэн харагдуулдаг” гэж зөвлөлөө.
Түүнээс өөрт хэрэгтэй гурван чухал будгаа авч үлдвэл ямар будаг авах вэ гэж асуухад өө дарагч, сормуусны будаг, уруудын будаг гэж хариуллаа. “Өө дарагчаар зөвхөн өөтэй хэсгүүдийнхээ өөг дарж болно. Зарим охид маань сууриа өө даралт өндөртэй авах гээд байдаг. Энэ нь бидний арьсанд илүү сөрөг нөлөө үзүүлдэг болохоор өө дарагчийг тогтсон хэсэгтэй хэрэглэвэл зүгээр. Сормуусаа будах, наах мөн чухал байдаг. Сормуус нүд будалтыг илүү амилуулдаг. Уруулаа будвал илүү тохиромжтой. Уруул аль болох бомбогор хөөрхөн харагдах тусмаа арай илүү эмэгтэйлэг харагддаг гэсэн үг. Бид ядарсан царайтай байгаад байдаг. Их ажил хийгээд ядарчихсан байвал уруулаа зөвхөн тод өнгөөр будчихад ядарсан царай маань, нүүрэн дээр гарсан асуудал маань арай илүү сарниж харагддаг” гэж зөвлөлөө.