Аравдугаар сарын 14-ний өдрөөс Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласан иргэн Ц.Чинбаттай ярилцлаа. Тэрээр өлсгөлөн зарлаад зургаа хонож байгаа ч сэтгэл санаа хэвийн, харин бие сульдаж байна гэв.
-Иргэн Ц.Чинбатын хувьд ямар шаардлага тавьж, ямар шалтгааны улмаас өлсгөлөн зарлах болов?
-Засгийн газарт тулган шаардах бичиг хүргэсэн, гурван асуудлаар. Нэгт, Үндсэн хуулийн 16.16-д заасан үзэл бодол, үгээ хэлж байгаа энэ залуучуудыг яллагчаар битгий татаад бай. Одоо боль. Олон арван залууг яллагдагчаар татсан байгаа. Хоёр залууг нь хорьсон. Үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудаа хоморголон хорьж, коммунист дарангуйлал битгий үүсгээд бай. Одоо наадахаа таслан зогсоо, боль гэсэн. Хоёрт, Засгийн газрын бодлогын буруугаас болж олон хүн коронавирусээр амиа алдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, Монгол Улсын иргэн эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй гэсэн байгаа. Одоо олон иргэд эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүйгээс үүдэн амь насаа алдсаар л байна. Түүнтэй уялдуулаад монголын ард түмнээс гарч ирж уучлалт гуй, эмгэнэл илэрхийл. Гуравт, Үндсэн хуулийн 14.1-т Монгол Улсын иргэн болон Монгол Улсад амьдарч байгаа гадаадын харьяат иргэд Монгол Улсын хууль хүн бүрд тэгш үйлчилнэ гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр хууль гаргачхаад өөрсдөө дээгүүр нь гишгэлээд ард түмнээ тэр хуулиар дарангуйлдаг байж болохгүй ээ. Наадах чинь болохгүй байна. Учир шалтгаанаа гарч хэлээч ээ. Үнэхээр хуулиа зөрчсөн бол ард түмнээсээ уучлалт гуй л даа. Ийм л гурван шаардлага тавьсан.
-Иргэн Ц.Чинбатын хувьд харааны бэрхшээлтэй. Өлсгөлөн зарлаад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Биеийн байдал ямар байна. Засгийн газраас юм уу, ЭМЯ-аас хэн нэгэн ирж уулзсан уу. Биеийн байдлыг нь үзэж санаа тавьж байгаа хэн нэгэн энэ хугацаанд байв уу?
-Чингэлтэй дүүргийн эмнэлгээс өглөө болгон ирж даралт, пульс үзэж байгаа. Сая АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гарч ирж уулзлаа. Түүнээс Засгийн газраас дүлий дүмбэ оргиод байж л байна. Хэн ч ирж уулзаагүй.
-Ус ууж байгаа юу?
-Ус ууж байгаа. Нойтон өлсгөлөн зарлаж байгаа. Монгол хүний хэчнээн амь нас, зовлон шаналлаар цадах юм. Тэр болтол нь эндээ хэвтье гэж шийдсэн.
Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад өлсгөлөн зарлаад гадаа хонох нь битгий хэл гудамжинд алхаад явахад ч даардаг шүү дээ. Одоо шөнөдөө хасах хэмтэй хонож байна. Ирэх долоо хоногоос хүйтэрнэ. Таны шаардлагын хариуг өгөхгүй бол энэ хүйтэнд өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байх уу?
-Ирэх хүртэл нь л хэвтэнэ. Миний амь нас, монгол хүний амьд явах эрхэнд маань халдаад энэ хүмүүс Үндсэн хуульд олгосон тэр эрхийг минь зөрчих гэж байгаа бол харья л даа.