Өнгөрсөн хавар хоёр хуваагдсан АН хоёр тусдаа даргаа сонгох сонгууль хийж, тус бүрдээ нэг нэг даргатай болсон. С.Эрдэнийн удирдаж байсан АН-аас М.Тулгат нэр дэвшин сонгогдож, АН-ын дарга болсон. Харин нөгөө АН-аас нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон юм.
"С.Эрдэнийн АН-ын" дарга болсон М.Тулгат өнөөдрийн байдлаар яг АН-ын дарга мөн биш эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөхдөө АН-ын албан ёсны дарга нь С.Эрдэнэ хэмээн зарласан. Тиймээс бид М.Тулгатаас өөрийг нь АН-д яг ямар байр суурь эзэлж байгааг тодрууллаа.
-Өнгөрсөн хавар та цахим хурлаараа АН-ын дарга болсон. Гэтэл танай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын дарга С.Эрдэнэ албан ёсоор байгаа гэдэг мэдэгдэл хийсэн. Тэгэхээр та яг одоо АН-ын дарга мөн юм уу? Биш юм уу?
– Ойлгомжгүй төвөгтэй байдал үүсчхээд байгаа юм л даа. Би цахим санал хураалтаар сонгогдсон. 2021.04.07-ны цахим их хурлаараа ч баталгаажсан. Тиймээс улсын дээд шүүхэд материал бүртгүүлэхэд өгсөн. Тэрийг буцаагаад… Улсын дээд шүүх "Намын дотоод асуудлаа шийд ээ. Ойлгомжгүй байна, хоёр үндсэн дүрмийн хороо, хоёр үндэсний бодлогын хороо байгаад байна" гэсэн шалтгаанаар буцаасан байгаа.
– Тэгэхээр таныг АН-ын дарга биш гэж ойлгох уу?
– Ер нь бол одоо хэн ч АН-ын дарга биш байгаа. Яг албан ёсоор бол. Нэг нь бүртгэлтэй хэвээрээ байгаа. Гэхдээ огцорсон. Одоо бол ажлаа бүрэн өгчихсөн байх ёстой дарга. Нөгөөх нь сонгогдчихсон. Гэхдээ бүртгэгдээгүй. Тэгэхээр янз бүрийн тамга дарах гэх мэтэд асуудалтай болчхоод байгаа байхгүй юу. Нам доторх албан тушаалын хувьд бол би АН-ын удирдлага гээд л яваад байгаа шүү дээ.
– АН-ын дотоод үйл ажиллагаа явахад тамга тэмдэг гарын үсэг нь яаж явж байгаа юм?
Тэр нь бол яах вэ, өмнөх дарга дээр яваад байгаа юм. Гэрчилгээн дээр нэр нь байгаа гэдэг утгаараа. Уул нь бол шууд над дээр явж болж байгаа юм л даа. Нэгэнтээ их хурлаа хийгээд баталгаажсан дарга нь учраас. Дээд шүүх бол зүгээр бүртгэх л асуудал шүү дээ уг нь. Миний хувьд АН ийм асуудалтай байхад заавал дайраад л дарга больё гээд яах вэ гээд л явж байгаа. Бидний үйл ажиллагааны хувьд бол АН үйл ажиллагаагаа хэвийн, явуулсаар байгаа.