АН-ын удирдлага М.Тулгатаас улсын төсвийн талаар байр суурийг нь сонслоо.
– Одоо улсын төсөв батлах, хэлэлцэх чухал цаг үе. Сөрөг хүчний хувьд үүн дээр сайн ХЯНАЛТ ТАВЬЖ ажиллах ёстой атал намын дотоод хэрүүлээ л хийсээр байна. Жишээ нь, та улсын төсвийн төслийг харсан уу? Судалсан уу?
-Улсын төсвийг харсан. 2022 оны эдийн засгийн байдлыг хэтэрхий өөдрөгөөр харсан төсөв байна лээ. Татварын орлогыг 30-аад хувиар нэмэгдүүлчихсэн байсан. Манай экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, алт, зэсийн үнийг маш өндрөөр тавьсан байсан. Тонн коксжих нүүрсийг 128 ам.доллараар тооцно гэдэг бол буруу. Яагаад гэвэл яг өнөөдөр хил гаалийн хомсдол, янз бүрийн зүйлээс болоод хятад тал дээрээ хэсэг зуур л эрэлт үүссэн байгаа. Өнөөдрийн нөхцөлөөр нүүрсний үнээ тавих нь эрсдэлтэй.
-Эдийн засгийг өсөлтийг ч өндрөөр тооцоолж тавьсан байсан шүү дээ?
-Тийм. Одоо Соёлын яам гэхэд л Соёлын сайд дээрээ 320 тэрбумын төсөв тавьсан байсан. Энэ одоо яг яах гэж байгаа юм. Би маш сэжиглэхгүй хандаж байгаа.
-Мөн аймгуудын төсөв харилцан адилгүй байдаг жишиг энэ жил ч харагдсан?
-Жишээлбэл, Хэнтий аймгийн төсвийг та бүхэн харах хэрэгтэй. Хэнтий аймгаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгогдсон. Бүх 21 аймаг дотроос хамгийн өндөр төсөвтэй байгаа нь Хэнтий аймаг байна лээ. Ойлгомжтой байна. Ойролцоо хүн амтай Завхантай харьцуулаад үзэхэд Хэнтийгийн төсөв найм дахин том байсан. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн нэг иргэн Хэнтий аймгийн нэг иргэнээс найм дахин үнэ цэнэгүй байна гэсэн үг. Маш ялгавартай хандсан төсвийн төсөл харагдаж байна лээ. Мэдээж төсвийн орлого тасалдаж таарна. Ковидийн дараах, цар тахал ганцхан монгол биш нийт дэлхий дахинд ямар байгаа билээ. Ийм хэт өөдрөг төсөв тавьчихсан нь буруу. Тэгээд энэ төсвийн тасалдлыг юугаар нөхөх үү гэхээр дахиад өр тавих нь тодорхой. Өр чинь 2016 оноос хойш хоёр дахин нэмэгдчихсэн байж байдаг. Энэ үзүүлэлт өснө л гэсэн үг.