МУГЖ, УИХ-ын гишүүн асан дуучин С.Жавхлан нарын хүмүүс "УИХ тар, Засгийн газар огцор, Ерөнхийлөгч ажлаа хий" гэсэн шаардлага бүхий суултыг төв талбай дээр 2021.10.15-ны өдөр эхлүүлсэн. Суултад дуучин, СТА А.Анхбаяр нэгдэж, тав дахь өдрөө суултаа үргэлжлүүлж байна. Анх удаа улс төрийн акцад оролцож, суулт зарлаж байгаа тэрээр сүүлийн долоон жил МАН-ыг дэмжиж ажилласан ч одоо дэмжих аргагүй боллоо гэсэн юм.
Та яг ямар шаардлага тавьж, суулт зарлаж байна вэ?
Шаардлага угаасаа ойлгомжтой байгаа. Төр засаг ард түмнээсээ уучлалт гуй. Ядуу амьдруулж байгаадаа уучлалт гуй. Ковидоор өнгөрсөн хүмүүсээс, ар гэрээс нь уучлалт гуй. Энэ ямар вакцин хийгээд байгаа талаараа тайлбарлаж өг. Ард түмэн чинь яагаад ядуу амьдраад байгаа юм. Яагаад та нар ядуу амьдруулаад байгаа юм. Болж байгаа юм энэ улсад юу байна. Болгоно гэж гарч ирсэн хүмүүс нь хаана байна. Тэр хүмүүс чинь ямар үед нь үзэгдээд, ямар үед нь үзэгддэггүй юм бэ. Үнэхээр том бухимдал ард түмэн бидэнд байна.
Би үр хүүхэд, ханиа тэврээд халуун гэртээ хэвтээд халуун цайгаа ууж суух боломж байгаа. Би С.Жавхлан нарын суултад зоригтойгоор хажууд нь ирж суугаад дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Бензин тосны хомсдол, энэ бүх байдал, түлээ түлшний хомсдол, барааны үнийн өсөлт зөвхөн нийслэлчүүдэд биш 21 аймаг 300 гаруй сумынханд хамаатай хүндрэл, хямрал болчхоод байна.
Би МАН-ыг дэмжиж СХД-т Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нарын сонгууль дээр ажиллаж байсан. Сүүлийн зургаа долоон жил дан МАН-ыг дэмжсэн. Одоо л эд нар гайгүй болгочих байх гээд итгэсэн. Ерөнхийлөгч нь бас мундаг хүн гарвал бүгд дээрээсээ авахуулаад нэг цогц болчихвол одоо л Монгол аврагдчих юм байна гэж бодсон. Гэтэл одоо Монголчуудын амьдрал туйлдчихлаа шүү дээ.