Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртжээ.
Нийт есөн төрөлд 27 дуучин өрсөлдсөнөөс Монголын баритон Э.Амартүвшин шилдгээр шалгарч энэ оны арванхоёрдугаар сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох “Opera Star” Олон улсын дуурийн шагнал гардуулах найм дахь удаагийн ёслолд оролцож, шагналаа гардахаар болжээ.
"Дуурийн оскар" гэгддэг энэхүү арга хэмжээг 2012 оноос хойш зохион байгуулж буй юм. Энэ удаагийн гала тоглолтыг Маэстро, Италийн алдарт дуурийн дуучин Лучано Павароттигийн дурсгалд зориулах аж.
МУГЖ Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дэлхийн данстай дуурийн дуучин Э.Амартүвшин Итали улсын Наполи хотын Сан Карлогийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр буюу Teatro Massimo, Верона хотын алдарт задгай театр болох Arena di Verona, агуу Ж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр буюу Teatro Regio di Parma, Падова хотын дуурийн театр, Новара хотын дуурийн театр, Жэнова хотын Карло Фэличэгийн нэрэмжит төв театр, Франц улсын нийслэл Парис хотын Champs-Élysées театр, Леон хотын Maurice-Ravel-ийн нэрэмжит аудиториум, ХБНГУ-ын Кийль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Менорка арлын дуурийн театр, Барселон хотын Liceu дуурийн театр, Израиль улсын нийслэл Тель-Авив хотын их театр болон хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, Красноярск хотын дуурийн театр, ОХУ-ын Буриадын Улан-Үүд хотын дуурийн театр, урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр, Шанхай хотын их театрт дуулсан. Одоо харин Италийн театруудад гэрээгээр дуулж байгаа билээ.