УИХ-аар 2022 оны төсвийн тухай, сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гарагт хийсэн. Монгол Улс анх удаа 18 их наяд төгрөгийн төсвийг оруулж, хэлэлцэж байна.
Төсвийн хуулийн төслийг гишүүд саналаа хэлж, тодруулах зүйлээ холбогдох яам, агентлагийн дарга нараас асууж хэлэлцэж байна. Монгол Улс төсвөө хэрхэн хаана зарцуулах талаар нарийн судалсан гишүүдийн нэг нь Ч.Ундрам байлаа. Яамдууд болон агентлагийн газрын төсөвт тусгагдсан зарим зүйл нь тодорхойгүй, салбарын хуулиа санаачилсан гишүүдэд мэдэгдээгүй зүйл олон байгааг онцоллоо.
Тухайлбал, Боловсролын багц хуулийг санаачилсан гишүүд И академи, Боловсролын газар байгуулах талаар огт мэдээгүй, чухам юу хийх, ямар ажилд хөрөнгө зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байгааг онцолсон. Мөн Төр хувийн хэвшлээр зарим нэг ажлаа хийлгэхдээ 652.2 тэрбум гэж тусгасан. Төсөвт бусдаар гүйцэтгүүлсэн ажил үүргийн зардал гээд ерөнхий тусгажээ. Чухам ямар үйлчилгээ, ажилд зориулахаа тодорхой тусгахыг Ч.Ундрам гишүүн санал болгосон. Энэ бүгдийг сонссон УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан бухимдаж “Та нар тэмдэглэж авдаггүй юм уу. Ганбат дарга аа, Наранцогт дарга аа. Та нарын ажлыг сайжруулах гэж гишүүн хэлээд байна. Супер ой тогтоолттой хүмүүс үү та нар. Утсаа оролдохоо боль. Хэний төлөө гишүүд үг хэлээд байгаа юм бэ” хэмээн зэмлэв.