Японы “NHK” World телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг бэлтгэжээ. Зүрхний мэс засалч Бундангийн Болдсайхан эмчээр ахлуулсан баг зүрхний өвчтэй хүүхдүүдийг олж эмчлэхээр Монголын хязгаар нутагт очиж ажилладаг гэдгийг дурджээ.
Нэвтрүүлэгт цар тахлын хязгаарлалт нь зарим хүүхдүүдийг эмчлүүлэх боломжгүй болгож биеийн байдал нь улам дордож байна. Б.Болдсайхан эмчийн баг тэднийг хайж, Улаанбаатарын эмнэлэгт авчирч хагалгаанд оруулдаг. Хэрэв өвчтөний ар гэрийнхэнд эмчилгээний зардлын асуудал тулгарвал компани, хувь хүмүүсийн хандив тусламжаар замын зардал, мэс засал, эмнэлэгт хэвтэх зардлыг даадаг тухай онцолжээ.
Хүүхдүүд ирж ч чадахгүй. Гаднын тусламжийн байгууллага, эмч нар ирэх боломжгүй. Олон хүүхдийн амь насны асуудал учраас бид ирэхээс өөр арга байхгүй гэж хэлэн Б.Болдсайхан нэвтрүүлгээ эхэлжээ.
"Би завгүй өвдөөд яваад л байсан. Эмч хүний өвчтөндөө ганц захидаг хамгийн тэнэг юмыг хийгээд би өөрөө өвдөөд яваад байсан. Ходоодны том хавдар байсан дотроо задраад 3-4 литр цус алдсан" гэж өвдсөн тухайгаа нэвтрүүлгийн үеэр Б.Болдсайхан эмч ярьсан. Энэ талаар Б.Болдсайхан эмчийн гэргий Д.Энхцэцэг "Ходоодонд хавдар гарна гэж би үнэхээр төсөөлөөгүй. Маш гэнэтийн байсан. Би авч явна л гэж бодсон. Монгол хүний цусанд байдаг юм билээ. Бид маш холыг давж туулж явж чаддаг тийм л хүмүүс юм байна" гэсэн юм.
Нэвтрүүлгийн төгсгөлд "Сүүлийн зарим хоногууд амархан биш. Өглөө босоход хэцүү. Маш их ядраад дотор өвдөөд ч юм уу хоол орохгүй байх зэрэг асуудал байгаа. Ааш зан хүртэл өөрчлөгддөг. Энэ бол миний л асуудал. Миний асуудал учраас би бусад хүнд төвөг болох ёсгүй. Ялангуяа хамт яваа багийнхандаа юм уу үзүүлж байгаа хүүхэд, сумдуудад хүлээж байгаа олон зуун хүүхдэд төвөг болох ёсгүй. Цаг хугацаатай уралдаад олон хүүхдэд туслах юмсан. "Зүрх мартахгүй" төслийн "Хязгаараас чанад" багаа надгүйгээр явах хэмжээнд хүргэх юмсан" гэж боддог тухайгаа Б.Болдсайхан эмч хэлжээ.
Мөн хөдөө нутгийн олон гэр бүл нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж хомс байдаг тухай өгүүлжээ. Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд одоогоор 300 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байна.
“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/