Бага хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөрийн сонирхол хоббигоо олж боргоцой ашиглан гэртээ чимэглэл хийж эхэлсэн уран бүсгүй Б.Мишээлтэй ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Б.Мишээл гэдэг. Хоёр хүүхдээ харангаа гэртээ хоббигоо хөгжүүлээд явж буй гэрийн эзэгтэй. Франц хэлний орчуулагч, олон улсын харилцаагаар төгссөн. Сүүлийн хэдэн жил мэргэжлээрээ орчуулагчаар ажиллаж байсан. Даанч одоо аялал жуучлал зогссон. Хүүхэд маань ч нялх байгаа болохоор гэртээ хоббигоо хөгжүүлэх гээд л хичээж явна.
Анх боргоцойгоор чимэглэл хийх санаа хаанаас төрсөн бэ?
Өөрийгөө гар урлалд дуртайг мартчихсан байсан. Бага байхын хайртай хүмүүстээ гараараа юм хийж өгөх дуртай хүүхэд байсан юм билээ. 2020 онд бага хүүхдээ төрүүлээд байж байх хугацаандаа анх боргоцойгоор чимэглэл хийх санаагаа олсон. Манай зуслангийн хажууд мод, боргоцой их байдаг. Би өөрөө гар урлалд дуртай болохоор боргоцойгоор юу хийвэл хөөрхөн байх бол гэж судалж үзээд чимэглэл хийхээр шийдсэн.
Зөвхөн гэртээ зориулж хийдэг үү?
Санаагаа олоод гэртээ чимэглэл “home decor” хийгээд хүмүүст бэлэглэсэн чинь ямар гоё юм бэ гээд ажлын газрын хүнээс эхлээд захиалга өгөөд урмын үгс их сонсоод илүү их урамшаад хийж байна даа.
Хүүхдээ харж гэртээ байснаар та харин гоё хоббитой болсон байна?
Ер нь гэртээ байх хугацаандаа өөрийгөө шинээр нээх гэж үзэж байгаа л даа. Хүн хоббитой байх хэрэгтэй юм билээ. Би бага охиноо төрүүлээд өөрийнхөө талаар нэлээн бодсон л доо. Өөрийгөө таньж мэдэх би юунд дуртай юм? Би юунд авьяастай сайн хийж чадах уу гээд. Тэгээд дуртай юмаа хийнгээ мөнгө олох боломжийг хослуулаад энэ хоббигоо олсон. Цаашдаа ч өөрийгөө нээж юу хийж чаддаг, ямар хүн бэ гэдэг дээрээ эрэл хайгуул хийгээд л явна даа.
Танд өөр ямар нэгэн хобби бий юу?
Төгөлдөр хуур тоглодог. Тэгээд хөгжим сонсох, бүжиглэх л хоббитой.
Шинэ хоббиндоо цаг гаргаж чадаж байна уу?
Ээжүүд гэртээ хүүхдээ харах хугацаагаа ашиглаад өөрийгөө бас тольдоод, ажиглавал стрeсстэх хямрах нь бага. Тэгээд өөрийнхөө дуртай зүйлийг олсон хүн аз жаргалтай байна, ээж жаргалтай байвал айл гэр үр хүүхдүүд бүгд л сэтгэл амгалан жаргалтай байна гэж боддог. Мэдээж хүүхдүүдийнхээ хажуугаар хүссэнээрээ хоббиндоо цаг зарцуулж чадахгүй үе байна. Гэхдээ манай нөхөр намайг их дэмждэг болохоор би цаг гаргаж хоббигоо хөгжүүлж чадаж байгаа.
Боргоцойн чимэглэл хийхэд ямар дэс дарааллаар хийх вэ?
Чимхлүүр ажил ихтэй, уул руу явж боргоцой түүж ирээд л эхэлнэ. Боргоцойгоо цэцэг хэлбэрт оруулж янзлаад будна. Суурь их биеэ хийнэ. Сүүлд нь наана, нэмэлт чимэглэлүүдээ хийнэ. Нарийн хийх арга техникээ сонирхсон хүмүүст энэ долоо хоногоос онлайн болон танхимаар зааж эхэлсэн.
Сурахад амархан уу? Хэцүү юу?
Хүний гарын эв дүй, мэдрэмжээс болно л доо. Зарим хүнд их хэцүү залхуутай ч санагдана. Зарим нь дороо сурна. Жишээ нь манай нөхөрт бол их хэцүү санагддаг.
Хүүхдүүдээ харж эхэлсэн гэхээр хэзээнээс эхэлж хийж байгаа вэ? Цаашид энэ хоббигоо хэрхэн хөгжүүлэх вэ?
Түрүү жилийн өвөл анх хийсэн гэхээр бараг жил болж байна. Өнгөрсөн зунаас захиалга авч байгаа. Ерөнхийдөө миний хийж байгаа зүйлс гэрийн чимэглэл. Цаашид гэрийн хана, хаалганы чимэглэлүүд, жааз, самбар гээд олон зүйл хийх санаа байгаа.
Цаашдын зорилго тань юу вэ?
Сурмаар байгаа зүйлс зөндөө байна. Хийж байгаа юмаа улам баяжуулаад илүү олон загвар, дизайнаар гаргаад дэлгүүртэй болно доо гэж бодож байна.