Хөл хорио тогтоосноос хойш ажилгүйдлийн төвшин нэмэгдэж байгаа гэх мэдээлэлтэй холбогдуулан бид Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажилгүйдлийн талаар тодрууллаа. Эхний зургаан сарын байдлаар ажилгүйдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6-8.4 буюу 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ талаар "Бүртгэлтэй ажилгүй иргэн 15.053 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан. Харин ажлын байрны захиалга 32.656 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар буурсан бол шинэ ажлын байранд орсон иргэдийн хувьд авч үзвэл 14.341 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар буурчээ. Буурсан үзүүлэлт хоёр талтай. Нэг талаасаа бүртгүүлж байгаа ажилгүй хүний тоо буурч, ажил хайгч багассан мэт харагдаж байгаа боловч цаанаа бүртгүүлээгүй ажилгүй иргэн их болж байна гэсэн үг" хэмээн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Х.Аззаяа хэллээ.
Иргэдээс ажилгүйдэл ямар шалтгаантай байгаа талаар асуухад:
"Компаниас тавьж байгаа шаардлагууд өндөр байна. Дээрээс нь хэлтэй байх шаардлагатай гэнэ. Зарим залуучууд амьдралын бололцооноосоо шалтгаалаад хэл сурах боломжгүй байгаа шүү дээ. Гадаадад цайны цаг 2-3 цаг байдаг. Залуучууд хажуугаар нь фитнесстээ чөлөөтэй явдаг. Харин Монголд тийм юм байхгүй. Болж өгвөл ажлын найман цаг, цайны цаг маш бага. Манай залуучууд хаана ч очсон ажилд мундаг. Монголд сая төгрөг аваад 520 мянгыг зээлэндээ өгөөд үлдэгдлээр нь яаж амьдрах вэ дээ. Мах, бензины үнэ ямар хэцүү байгаа билээ. Дээрээс нь коронавирус гарчихсан байна"
Хийнэ гэсэн бол ажил зөндөө л дөө. Залхуурал, цалингаа голоод байна л даа. Хүн цалингаа голохгүй хөдөлмөрлөх ёстой.
"Ажилгүйдэл бол үнэхээр байж болохгүй. Манай хүүхэд Солонгост 6-7 жил гэрээгээр ажил хийж дуусаад л дахиад ажил хийх гээд анкет өгөхөөр байгууллагууд дуудахгүй байна. Тэр хүн сонирхоод тэр газар анкет очиж бөглөсөн байгаа шүү дээ. Анкет өгөөд оръё гэсэн бол тэр хүнийг судлаад ямар нэг аргаар дуудах хэрэгтэй. Хий дэмий цаасны гарз хийгээд л баахан анкет бөглүүлж аваад л шкафандаа хийж хадгалаад байх жоор биш л дээ"
Цалин бага байгаа бол нэгдүгээр шалтгаан. Хоёрт илүү цагийн мөнгө гэж өгөхгүй. Тэгээд өглөө 8-аас орой 12 хүртэл ажиллуулчхаад өдөрт 25 мянган төгрөг өгдөг ч юм уу тиймэрхүү л асуудалтай.
Сард авах цалин бага, зардал нь өндөр. Хоёр дахь нь залхуурал. Энэ хоёроос болж байгаа байх.
Одоо ажил хийе гэсэн сонирхолтой залуучууд ер нь байдаггүй юм шиг байна. Яг үнэнийг хэлэхэд сургууль төгсөхөөр ажлын байр нь хомс ч байдаг юм уу. Сайхан дээд сургууль төгсчхөөд ажилгүй л гэх юм байна шүү дээ"