АН-ын бүлгийн гишүүд болон бүлгээс хөөгдсөн гэх УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Өнөөдрийн бүлгийн хурлаар албажсан шийдвэр гарлаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Иймээс бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Хуралд оролцсон гишүүн Н.Ганибал, Б.Бейсэн, Ш.Адьшаа, А.Адьяасүрэн, Ж.Батсуурь, Ц.Туваан, О.Цогтгэрэл гээд нийт албан ёсны долоон гишүүн. Дээр нь Д.Алтанхуяг болон С.Ганбаатар гишүүн бүлгийн үйл ажиллагаанд хамт оролцож байгаа.
Манай бүлэг 13-уулаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, гаргаж байгаа шийдвэр гэж байгаа. Бүлгээс хөөдөг асуудал өмнө нь байсан юм билээ. Үүнийг хуулиар хаагаад өгсөн. Бүлгийн гишүүнийг хасах бол энэ тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдэнэ гэж заасан.
АН-аас сонгогдсон албан ёсны 11 гишүүнээс өнөөдөр долоо нь хуралдаад, албан ёсны шийдвэрээ гаргаж байна. Д.Ганбатыг бүлгээс хөөгөөгүй. Бүлгийн даргаас нь буулгасан" гэв.