УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "УИХ дахь АН-ын бүлэг даваа гараг бүрийн 10:00 цагт Их эзэн Чингис хааны танхимд албан ёсоор хуралддаг. АН-ын бүлгийн 13 гишүүний найм нь 11-ээс тоолох юм бол долоо нь буюу 63 хувийн ирцтэйгээр өнөөдрийн хурал боллоо. Нэгдүгээрт, намаас хөөлөө гэдэг асуудал дээр эрх зүйн чадамж байхгүй, бид үүнд хүлээцтэй хандаж байгаа. Ж.Батсуурь гишүүнийг намаас хөөлөө гээд С.Эрдэнэ гишүүн, хуульч О.Баасанхүү гарч ирээд мэдээлэл хийж байна. Ж.Батсуурь гишүүн Сүхбаатар аймагт найман сонгуулийн долоод ялалт байгуулж, зургаан удаа ИТХ-д сонгогдож УИХ-ын гишүүнээр сонгогдож аймаг, суманд бүрэн дүүрэн ялалт байгуулсан хүн. Энэ хүнийг хөөгөөд цаана нь хэн үлдэх гээд байгаа юм бэ. Заримыг нь хэд хэдэн удаа хөөлөө. Энэ бүх үйл явц арваннэгдүгээр сарын 5-нд болох гэж байгаа "Эв нэгдлийг их хурал"-ыг хийлгэхгүй байх, зохион байгуулалттай бутаргах үйл явц явж байна. Үүнд манай бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ганбат гишүүний хувьд гар хөл нь болоод явж байгаад маш их харамсаж байгаа. Яагаад ийм үйл явц өрнөв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажлыг Д.Ганбат гишүүн манлайлж байсан. Үүнийг таслан зогсоох гэж бүлгийн гишүүдийн олонх ийм үйлдэл гаргаж байна гэсэн. Би баримт хэлье. Огцруулах гарын үсэг байсан нь үнэн, би хамгийн эхэнд гарын үсэг зурсан. Манай гишүүд бүгд зурсан. Яг үнэндээ тэр бичгийг сугандаа хавчуулж МАН-тай очиж хэлцэл хийж, АН МАН-ын хатавчинд сууж, гурван сайд авах ажлыг би хийж байгаа гэж удаа дараа Д.Ганбат дарга бүлэг дээр мэдэгдсэн. Харин бид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэж сөрөг хүчний байр суурийг аваачиж худалдаж наймаалцаж, юун гурван сайд, сөрөг хүчин яах юм, энэ үйлдлээ таслан зогсоо гэж Д.Ганбат гишүүнд удаа дараа хэлж байсан. Одоо Д.Ганбат улаан хамгаалагч байсан шиг олон нийтэд мэдээлээд явж байна. Үүнд баримт бий" гэлээ.