УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууссан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Өнөөдөр СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг нэгтгэж, тус тойргоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж үнэмлэх гардуулсан.
- Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг нийт санал өгсөн сонгогчдын 73.3 хувийн санал авсан.
- Харин СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Энхбаярын Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авч УИХ-ийн гишүүнээр сонгогдсонд тооцогдож үнэмлэхээ гардан авсан.
УИХ болон Ерөнхийлөгчид УИХ-ын 18, 28 дугаар нөхөн сонгуулийн дүнг өргөн барина.
Сонгогчдын ирц буурсан асуудалд системийн хүрээнд задлан шинжлэн авч үзэх ёстой. УИХ-д сонгуулийн дүнг танилцуулахдаа энэ асуудлыг тодорхой санал дэвшүүлнэ.
Аравдугаар сарын 10-ны өдөр санал хураалтын үеэр санал гомдол цагдаагийн байгууллага болон СЕХ-нд ирж, холбогдох чиглэлүүдээр шалгагдаж хариу өгөгдсөн. Харин аравдугаар сарын 16-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын өдөр ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй" гэлээ.
СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Нөхөн сонгуулийн аравдугаар сарын 10-нд болсон санал хураалт болон аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын явцад цагдаагийн байгууллага дээр нийт 62 дуудлага мэдээлэл ирсэн байсан. Энэ талаар ЦЕГ-ын сонгуультай холбоотой гомдол маргааныг шийдвэрлэх ажлын хэсгээс мэдээлэл авч ажиллалаа. СЕХ-ноос ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх эрх хуулиар олгодоогүй.
Эдгээр 62 өргөдөл, гомдлоос аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэг нь шийдвэрлэлтийн явцад бусад 61 нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэж дууссан гэдэг мэдээллийг ЦЕГ-аас СЕХ-нд ирүүлсэн байгаа" гэлээ.