13 дахь удаагийн "Улаанбаатар" Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхлэн олон улсын шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Кино наадмын нээлтийн өнөөдөр 18:00 цагаас "Тэнгис" кино театрт 2021 оны "Канн"-ын Олон Улсын кино наадмын уралдаант хэсгийн Гранпри шагналт “Зургадугаар бүхээг” уран сайхны киногоор хөшгөө нээнэ.
“Улаанбаатар” 13 дахь удаагийн Олон улсын кино наадамыг 2021 оны аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын бүрэн хэмжээний 18 уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэжээ.
Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, Соёлын Яамтай хамтран “Кино Форум”-ыг тус тус зохион байгуулах аж.
Мөн энэ удаад наадам зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын Элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн бөгөөд “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргана.
Наадмын үзвэр болон “Кино форум” Тэнгис кино театрт зохион байгуулагдах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга болон “Кино форум”, “Авдраа уудал” сургалтад бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn вэб хуудсаар орж авах боломжтой.