Барилгачид Сангийн яамны гадаа жагсаж байна.
Барилгын салбарын төлөөлөл “Бид 21 аймаг есөн дүүргийн барилгачдын төлөөлөл байгаа юм. Аравдугаар сарын 11-нд Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын даргад үнийн өсөлтийг 2022 оны төсөвт суулгаж өг гэж шаардлага хүргүүлсэн. Таван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүний хүрээнд өнөөдөр Сангийн сайдтай уулзахаар яамных нь гадаа ирээд зогсож байна. Биднийг хүлээж авч уулзах байх гэж бодож байна. Яагаад гэвэл Сангийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-нд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Энэ албан бичиг нь үнийн өсөлтийг тооцож өгнө үү гэсэн БХБ-ын сайдын албан бичгийн хариу хүсэлт байгаа. Үүнд, барилгын материал тээвэр, үйлдвэрлэлийн хомсдолоос үүссэн богино хугацааны үнийн өсөлт учраас үнийн индексийг тооцохгүй. Тооцвол эрсдэл үүснэ гэдэг хариу өгсөн. Яг энэ бичгийн хүрээнд барилгын салбарын асуудал хүндрээд хямрал болох гээд байна. Тиймээс бид Сангийн сайд Б.Жавхлан та энэ үнийн өсөлтийн богино хугацааных гэдэг шийдвэрийг яаж гаргасан юм бэ. Яг өөрийнхөө өнгө, үзэмжээр гаргасан уу, тооцоо судалгаа бий юу. Барилгын материалын хомсдол, үнийн өсөлт ид оргил үедээ хүрч байсан наймдугаар сарын 12-нд өгсөн энэ бичгээс чинь болоод асуудал гацлаа. Барилгын материалын үнийн өсөлт богино хугацааных биш байсан. Одоо үргэлжлээд дөрвөн сар боллоо. Цаашид барилгын материалын үнэ буурахгүй гэдэг нь тодорхой боллоо. Тооцоо судалгаатай гаргасан уу, эсвэл хувь хүнийхээ үзэмжээр гаргасан уу, үүндээ хариу өг. Бидэнтэй уулз, танилц. Бидний асуудлыг УИХ-д оруул. Төсөв өргөн баригдаж байгаа энэ үед УИХ-д оруулж асуудлыг шийдэж өгнө үү гэсэн байдлаар бид ирээд зогсож байна” гэлээ.