УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт, санал хураалт өнгөрсөн бямба гарагт боллоо.
Хэдийгээр нэмэлт, санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц 50 хувийн босгыг даваагүй бөгөөд хамгийн өндөр саналыг авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг "ялалт" байгуулсанд тооцлоо.
Сонгуулийн ерөнхий хорооны цахим системийн мэдээллээр УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нийт ирц 46.65 хувьтай гарчээ. Харин 28 дугаар тойрог болох Согинохайрхан дүүргийн ирц 48.89 хувьтай байна. Өөрөөр хэлбэл хоёр тойргийн сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй гэсэн үг. Бүр давтан хоёр ч удаа санал хураалт явуулаад сонгогчийн ирц 50 хувьд хүрсэнгүй.
Ирцээр бол энэ удаагийн сонгуульд ялагч байсангүй. Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын нэр дэвшигч Э.Батшугар 28 537 хүний санал, Хэнтий аймагт Ц.Идэрбат 17 264 сонгогчийн санал авч, хамгийн олонд тооцогджээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нөхөн сонгуульд оролцож, саналаа өгсөн нийт сонгогчдын олонх нь МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нарт саналаа өгсөн бөгөөд тэд УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.
Тэгвэл Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт ялалт байгуулсан Ц.Идэрбат болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт ялалт байгуулсан Э.Батшугар нар энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөнө.
Ингэснээр төр, засагт дуу хоолойгоо хүргэж чадахгүй, эрх нь зөрчигдөж байсан хоёр тойрог эзэнтэй болж, УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Ийнхүү Хэнтийчүүд У.Хүрэлсүхийн оронд Ц.Идэрбатыг, сонгинохайрханчууд Д.Сумъяабазарын оронд Э.Батшугарыг сонголоо.
Танилц: УИХ-ын хоёр шинэ гишүүн
Цагаанхүүгийн ИДЭРБАТ гэж хэн бэ?
МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна. Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Ц.Идэрбатын ажил эрхэлсэн байдал:
2003-2008 онд аймгийн намын хорооны улстөрийн ажилтан
2008-2012 онд Хэрлэн сумын Засаг дарга
2012-2016 онд Аймгийн намын хорооны дэд дарга
2016-2020 онд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
2016 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж байна.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт:
- Э.Батшугар /МАН/ – 23,998
- Б.Найдалаа /ЗХЭЭ/ – 5,180
- Э.Бат-Үүл /АН/ – 4,925
- А.Отгонбаатар /ҮБЗН/ – 3,188
- Ш.Гантулга /ИЗНН/ – 3,000
- Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ – 1,823
- Ц.Гантулга /ШИНЭН/ – 1,415
- Л.Цог /ДМН/ – 199
- Ш.Төмөрсүх /ЭЧХН/ – 108
- А.Батдорж /АТОЗН/ – 79
28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн их санал авлаа.
Энхбаярын БАТШУГАР гэж хэн бэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын хүү Батшугар МАН-аас УИХ-д нэр дэвшсэн. Э.Батшугар 1987 онд төрсөн бөгөөд санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургуулийг дүүргээд Массачусетс мужийн Уолтхэм дэх Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгссөн. Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлж, “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд гурван жил ажилласан гэдэг. Дараа нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа явдал аавынх нь хүч нөмөр гэж шууд харагдаж байгаа.
Бага нас болон сургуулийн насны амьдрал минь АНУ -ын Калифорни мужийн ахлах сургууль, оюутан насандаа АНУ -ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгсжээ.
Э.Батшугарын ажил эрхэлсэн байдал:
2008-2011 онд Ажлын гараагаа АНУ-с эхлүүлэн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд ажилласан
2012-2016 Монголбанк-ны Дэд ерөнхийлөгч
2016-2021 “Монсамил” компанийн ТУЗ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн салбарын “Медиа холдинг” компанийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн салбарын “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүн
2021 оноос Монгол Ардын Намын бага хурлын гишүүн болон Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Ийнхүү УИХ-ын 2021 оны нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон саналыг авлаа.