“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний үйлдвэрлэгч, өргөө цагаан орд урлагч, үе дамжсан уран дархан “Тосон гэр” ХХК-ийн захирал Монгол гэр урлаач Г.Баянмөнхийг урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу. Уран дархан мэргэжлийг хэрхэн эзэмшсэн бэ?
-Намайг Гомбоцэдэн овогтой Баянмөнх гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. 2000 он хүртэл нутагтаа ажиллаж амьдарсан. Энэ модон хийцийн ажлыг би ааваасаа өвлөж авсан. Миний аав зураач, сийлбэрч хүн байсан. Би тийм гэр бүлд өссөн. Миний аав ажилчин, ээж оёдолчин. Бид нар эцэг эхээс есүүлээ. Есөн хүүхдийн хамгийн бага.
Манай аав миний хийдэг энэ ажил монгол гэр, модон эдлэлээр хийж болох сийлбэр бүгдийг хийдэг байсан. Тэгээд л би нас биед хүрсэн хойноо ерөөсөө юу хийж чадах уу гээд хамгийн ойрхон өссөн төрсөн орчноосоо үлгэр дуурайлал авч өссөн. Манай аав, ээж хоёр хүнийг зүгээр суулгах дургүй.
Хөдөлсөн хүн л хоолонд хүрдэг. Чи юм хийгээд сурчих юм бол чиний чадварыг хүн булаагаад авдаггүй. Өглөө эрт босож ажил төрөл хий, зүгээр сууж болохгүй гэж багаас минь хүмүүжүүлсэн. Тэр хүмүүжлээрээ би бас бахархдаг. Түүгээрээ одоо зах зээлийн нийгэм эхлээд хэцүү хүнд үеийг эцэг эхээс өвлүүлсэн энэ сайхан мэргэжлээрээ даван туулж өнөөдрийг хүртэл сайхан ажиллаж, амьдарч байна.
-10 жилээ төгсөхдөө хэдийнээ мэргэжлээ сонгосон байж ээ?
-10 төгсөөд л хүн болгон л их дээд сургуульд ордог. Би жаахан ноцолдож, барилдах дуртай байсан. Намайг 15, 16-тай байхад миний ээж, аав хоёр бурхан болсон. Тэгээд за энэ ямар ч байсан бага дүүгээ нэг боловсролтой болгоё гэж бодоод, юунд дуртай вэ гээд. Тэр үед чинь Их шавийн дээд сургуульд явчих сонирхол байсан. Тэгээд сүүлдээ тэр сургуулийн сонирхол ч үгүй болиод ерөөсөө хөдөлмөр хийе гээд шийдсэн. 1996 онд Завхан аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн торхон цехээс ажлын гараагаа эхэлсэн. Тэндхийн сайхан миний аавтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахлах мужаануудын дагалдангаар мужаан, сийлбэрчнээр орж, сийлбэртэй гэр, янз бүрийн тавилга хийж эхэлсэн. Тэндхийн нэлээд том цех байсан. Тэнд би 4-5 жил ажиллаад Улаанбаатар хот руу орж ирсэн. 2000 оны үед хүн болгон Улаанбаатар руу нүүж байсан.
-Нийслэлд ирээд хөлөө олоход амаргүй байсан байх. Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
Анх Улаанбаатарт орж ирчхээд яг тогтсон ажил байсангүй. Тэгээд өөрийнхөө чаддаг юмаар бас ажлаа эхлүүлье гэж бодоод тэр үед одоо хамгийн хямдхан түрээс нь цэцэрлэг, сургуулийн подвол байлаа. Тэгээд подволд нутгийн ахтай хамтарч, багажуудаа нийлүүлээд тэнд нэг жижиг мужааны цех байгуулсан. Япон Монголын хамтарсан “Чингис хаан” киноны бүх модон эдлэлийн захиалгыг би тэр үед авч байсан. Тэндээс өөрийн гэсэн хашаатай болоод, хашаагаа сүүлд нь өргөжүүлж том болгож, өөрийн гэсэн мужаан цех үйлдвэрээ бариад эхэлсэн дээ. Өөр ажил амьдрал, өөр зүйл ерөөсөө хийж үзээгүй. Энийгээ л хийнэ гэсэн бодолтой, зорилготой одоог хүртэл ажиллаж байна.
-Гэргийгээ танилцуулахгүй юу. Хамтдаа үйлдвэрлэлээ хөгжүүлэн өнөөдрийг хүртэл авч явж байгаа гэсэн шүү дээ?
Манай эхнэрийг Пүрэвдашийн Ариунтуяа гэдэг. Бид 20 настай хоёулаа танилцаж гэрлэж байлаа. 21 настай аав, ээж болж өнөр өтгөн, дөрвөн сайхан хүүхдийн эцэг эх болж ингээд сайхан амьдарч байна. Миний хань намайг энэ олон жил түшиж хоёулаа нэг зорилгын төлөө зүтгэсэн өдийг хүрсэн, ханиараа их бахархдаг.
-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл хэр олдоцтой байдаг вэ. Та ЖДҮ-ийн сангаас зээл авч байв уу?
Би ЖДҮ-г бол их сонирхсон. Өмнөхийг нь айхтар хөөцөлдөөгүй. Өнгөрсөн жилийн ЖДҮ-ийн мөнгөнөөс бас нэг хэсгийг нь аваад нь ажлын байр өргөтгөх сонирхолтой байгаа. Бас нэг томхон юм хийе гэхээр жижигдээд байна. Өнгөрсөн жилийн ЖДҮ-ийн төслийг хөөцөлдөөд банк дээр нийгмийн даатгал, НӨАТ төлөгч гээд бүх юмнуудыг нь зохицуулаад, нэг хэсэг боломжийн байна, танд олгогдохоор юм байна гээд. Судалгааг нь аваад ерөнхийдөө болчих нь ээ гэж бодож байтал санхүүжилт нь зогсчихсон. Одоо ирэх жилийн ЖДҮ сайхан олон юм хийх гэж байгаа хүсэл сонирхолтой залуучууддаа хүрээд энэ жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл л хөгжөөсэй л гэж бодож байна.
Ковидийн өмнө би нутагтаа орж ирээд, эндэх өөрийнхөө үйлдвэрийг сэргээгээд ажиллаж байна.
Одоо манай үйлдвэр нэг үеэ бодвол сайхан багаж, тоног төхөөрөмжтэй болсон. 2015 онд би Өвөр Монгол руу хэдэн хүмүүстэй хамтарч тэнд өөрийн үйлдвэр байгуулж, монгол гэрээ хийсэн. Хамгийн том хийсэн гэр бол 32 метр диаметртэй үүнээс нэг дахин илүү том. 15 диаметртэй энэ 5, 6 дахь нь. Энэ жил бол би хоёрыг хийлээ. Одоо барьчихсан байгаа гэр бол 15 диаметртэй, 290 м2 талбайтай гэр байгаа. Шүүхийн шийдвэрийн харьяа “Төр хурах”-ын амралт дээр хийсэн бас нэг гэр байгаа. 15 диаметртэй энэ миний зургаа дахь гэр юм. Жижиг гэрүүд бол нэлээн олныг хийсэн, хийсэн гэрээ ер нь тоолдоггүй шүү дээ.
-Таны урласан хамгийн том гэр Өвөрмонголд байдаг гэсэн. Геннисийн амжилт тогтоосон гэр гэж сонссон. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
Тийм. Миний хамгийн том гэр 32 диаметртэй Өвөр Монголын Шилийн гол аймагт байгаа. Тэрийг би 2019 онд хийж, намар нь нээлтээ хийгээд, сүүлд нь дэлхийн Геннисийн тэмдэглэл авсан. Ерөнхийдөө баганынх нь одоо өндөр гэх юм бол 12 метр, хүзүүвчин тоонотой. Тэр тоононы дээд хэсэг нь дөрвөн давхар барилгатай тэнцэхээр, зөвхөн хананы өндөр хэсэг нь гэхэд 5 метр цогцолбор гэр боссон.
-Таны ойрын зорилго?
Миний хамгийн сүүлийн одоо бодож байгаа юм бол Монголдоо 32 метрийн диаметрийнхээ Гиннесийн амжилтыг эвдэж, түүнээс илүү 40 юм уу 38 диаметртэйгээр зөвхөн модоор, ямар ч төмөр оруулахгүйгээр хийх сонирхолтой. Ерөнхийдөө ивээн тэтгэгч, хамтарч ажиллах байгууллага, хүнийг олсон байгаа. Энэ өвөлдөө хийх зорилт тавьж байгаа юм. Давхар лонжтой болохоор бараг 1500-1800 хүн багтахаар хүлээн авалтын Бөхийн өргөө шиг л үзэгчтэй байх л зориулалттайгаар яригдаж байна. Одоо зураг төслийн ажил явж байна.
Ийм цомцог гэрүүд энгийн гэрийг бодоход бас салхи шуурга, бүх юмнуудад ямар ч байсан хазайлт өгөхгүй, маш бат бөх, удаан эдэлгээтэй ерөнхийдөө яс мод нь маш бат бөх гэж хэлж болно. Тэр талаараа давуу тал. Миний гол зорилго одоо тэр том гэрийг хийх. Ерөнхийдөө цомцог гэрийг үйлдвэрлэл маягт оруулаад, тэгээд олон хүнд хүртээмжтэй болгоно. Сүүлийн үед аялал жуулчлалын салбар маш их хөгжиж байна. Цомцог гэрийг нэлээн их хэрэглэж байна. Тийм учраас хямд бөгөөд, чанартай, олон хүнд хүртээмжтэйгээр борлуула талыг эрэлхийлнэ.
-Сэтгэлд хадаатай байдаг дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Сонин түүх ярихад энэ миний аавын хийсэн аргал угалз. Тэгээд энийг манай ах Улаанбаатарт ирсэн айл нь нүүж яваа гэсэн авдарных нь таг нь онгойгоод унасан чинь М.Б.К 80 он гэсэн байсан. Мод боловсруулах комбинат, Л.Г.Ц гээд Лүндэв овогтой Гомбоцэдэн гээд. Миний аавын 1980 онд сийлсэн бүтээл. Энэ хүн дамжиж бэлэгт нь ирсэн гэж байгаа юм. Би олж аваад гурван жил болж байна. Энэ бол надад их нандин.
Наймдугаар анги төгссөн жил миний аав надад гуулиар товч хийхийг зааж, би гуулиар товч хийгээд тэр үеийн тохиролцооны дэлгүүр байсан 1990-д оны үед дэлгүүрүүдээр тараагаад тавьчихна. Хагас бүтэн сайнд буцаад хөдөө явахдаа дэлгүүрүүдээр ороход товчнууд борлогдчихно. Тэрүүгээрээ ээж, аавынхаа бүх хэрэгцээний юмыг аваад л давхиад явчихдаг. Сайхан багаас нь тэр хөдөлмөр сургасны л үр дүнд би ингэж өдий хүртэл тууштай ажиллаж байгаа даа.
Монгол гэр үйлдвэрлэл гэж хүнийг орон гэртэй, өөрийнх нь хүссэн сайхан ертөнцтэй болгоно гэдэг бас их гоё байхгүй юу. Гэрээ хүлээж авч гэртээ орсон улсуудыг харах л сайхан шүү дээ. Тэгээд жаахан сэтгэл шингэтэл захиалагчийнхаа хүсэлтийн дагуу чанартай сайн хийхийг л хүсдэг.