Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас цирктэй холбоотой үүсээд буй асуудлыг тодруулахад "Цирк бол Д.Дагвадорж гэдэг хувь хүний бизнесийн асуудал.
Зохион байгуулалттайгаар цирк рүү дайрч давшилж байна гэж харж байгаа. Цирк балгас болоогүй байх. Өөрсдөө гуйгаад авсан мэтээр яриад байгаа ч тийм юм байхгүй.
2005 онд циркийн байгууллагын төлөөлөл болсон олон хүн ирж гуйж, сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлалд оролцооч гэж хүсэлт тавьсан. 2006 онд менежментийн хувьчлал хийсэн.
Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийж яваа. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлал, шинэчлэлд суурилсан орчин үеийн байгууламж болгон, циркийн урлагийн архитектурыг хадгалсан, ойр орчмын газруудыг нь ногоон байгууламж хэвээр нь үлдээх гэсэн төсөл явж байгаа гэж би ойлгож байгаа.
Д.Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэх мэт нь дэмий яриа. Түүхийг нь үзсэн ч болно. Бүгд нээлттэй бий. Газартай холбоотой хулгай огт байхгүй. Циркийн асуудал дээр Д.Дагвадорж өөрөө ажиллаж байгаа.
Циркийн хойд газарт олон аж ахуйн нэгж 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих гэж байсан. Харин ч газрыг нь хамгаалж ирсэн" гэлээ.