2021 оны аравдугаар сарын 15-нд Камертон хамтлаг Зайсан хиллд олон зуун хүн цуглуулсан тоглолт хийсэн талаар болон цаашид баримтлах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
"Бид Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлалтай "Зайсан хилл"-д шалгалт явууллаа. "Софт трэйд" компани энэ барилгыг эзэмшдэг. Тэд дотогш нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгаагүй, ажилчдынхаа халууныг шалган бүртгээгүй. Хоолны газар нь ариун цэврийн шаардлага хангаагүй. Хүн хоорондын зайг баримтлаагүй байсан. Тиймээс тоглолт үзсэн хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах нь зөв. Бид улбар шар түвшинд байна. Үүнд жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын тэмцээн, хурим найр хориглосон. Харин үзэгчгүйгээр, Нийслэлийн онцгой комисст урьдчилж мэдэгдээд, лайваар үйл ажиллагаагаа шууд дамжуулж буй газрууд бий. Гэтэл нэг дор ийм олон хүнийг цуглуулсан нь иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг мөн. Бид Зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулна. "Софт трэйд"-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна.
Зайсан хилл дээр гарч байгаа асуудал нэг удаагийнх биш. Өмнө ч гарч байсан. Зөрчлийн тухай хууль зөрчил гарсан болгон дээр нь зөрчил үүсгэж болдог. УОК-ын 41 дүгээр тушаалаар тухайн ААН дээр анх удаа гарч байгаа тохиолдолд албан шаардлага өгдөг. Дараа нь мэдэгдэл өгч байгаа. Мэдэгдлийн дараа торгуулийн арга хэмжээ авдаг. Торгуулийн арга хэмжээний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авдаг. Энэ удаад Зайсан хилл дээр болсон үйл ажиллагаанд эцсийн арга хэмжээ тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг авч байна. Тоглолтын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлагдаагүй, "Камертон" хамтлагийн тоглолт болно гэдгийг албан ёсоор мэдээгүй байсан. Өчигдөр тоглолтын үйл ажиллагаа лайваар явахад цагдаагийн байгууллага манайх хоёр орой хамтарсан шалгалт хийсэн" гэв.