Дархан хот үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ой энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Дарханы удирдлагууд болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран цар тахлын хүнд цаг үетэй холбогдуулан 60 жилийн ойн төсвөө баяр ёслол, шагналд зарцуулалгүйгээр ард иргэдийнхээ эрүүл мэнд, хотынхоо бүтээн байгуулалтад зарцуулахаар ярилцан шийдвэрлэжээ.
Тодруулбал, Дарханд коронавирусийн халдвар эмчилж буй тусгаарлах 12 байр ажиллаж буй. Энд нэн шаардлагатай тоног төхөөрөмж бол амьсгалын аппарат юм. Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын санаачилсан амьсгалын аппарат хандивлах үйлсэд нэгдсэн “Шарын гол” ХК-ийн 100 сая төгрөгийг ойн баярын өдөр гардууллаа.
Энэ үеэр Г.Дамдинням гишүүн “Яг өнөөдрийн нөхцөлд бидэнд элдэв баяр, ёслолоос илүү иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал байгаа учраас 60 жилийн ойдоо амьсгалын аппаратаар бэлэг барих санаачлагыг Дарханыхаа хувийн хэвшлүүдэд уриалсан. Уриалгыг маань дэмжиж 100 сая төгрөг хандивласан “Шарын гол” ХК-ийн хамт олондоо баярлалаа. Төр, хувийн хэвшил, ард иргэд бүгд хамтарч ингэж сэтгэл зүтгэлээрээ нэгдэж байж, энэ хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулж чадна” гэлээ.
Мөн санаачилгыг дэмжиж Дархан -Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн төсвөөс 50 сая төгрөг нэмж шийдвэрлэхээ илэрхийлснээр Дарханчууд 10 амьсгалын аппараттай болох боломж бүрдлээ.
Арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд Дарханы нэгдсэн эмнэлэгт өндөр нарийвчлалтай томографийн аппарат, хүчилтөрөгчийн баллон зэргийг хүлээлгэн өгсөн. Эдгээр тоног төхөөрөмжийг аймаг болон улсын төсвийн хүрээнд шийдвэрлэжээ. Цар тахалтай тэмцэж буй эмнэлэгийн удирдлагуудын зүгээс хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гарган цаг үетэйгээ нийцсэн ухаалаг шийдвэр гаргасан орон нутгийн удирдлагууд болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа илэрхийлсэн юм.