Аравдугаар сарын 15-нд буюу өчигдөр Камертон хамтлаг Zaisan Hill Event Hall-д тоглолтоо хийсэн. Тус хамтлагийн фэйсбүүк хуудаст "Камертон хамтлаг нь үүсгэн байгуулагдаад 26 жилийг ардаа үлдээжээ цар тахалтай холбоотойгоор хойшлогдоод байсан мини концертоороо үнэнч fan-ууд та бүхэндээ бэлэг барьж байна" хэмээсэн байв.
Тус тоглолтыг танхим дүүрэн хүн үзэж, бөөгнөрөл үүсгээд буй зураг олон нийтийн сүлжээнд тархаж шүүмжлэл дагуулаад байгаа ч УОК, НОК-ын зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулсан эсэх нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар "Zaisan hill хариуцлагын гэрээ байгуулаагүй. НОК-оос Камертон хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гэсэн үг. Танхим дүүргэлт 50 хувиас хэтэрсэн. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ" хэмээн бичжээ.
Zaisan Hill Event Hall болон Камертон хамтлаг УОК-оос зөвшөөрөл авсан эсэхийг Шадар сайд С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Ямар ч зөвшөөрөл аваагүй. Гэхдээ хотын дарга аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээг зөвшөөрнө гэж зарласантай холбоотойгоор гэрээ, зөвшөөрлөө авалгүй зохион байгуулсан байх" гэсэн хариулт өглөө.