Дэлхийн шатрын холбоо /FIDE/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ангид ял эдэлж буй ялтнуудын дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг аравдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулж байна.
Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украин зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа. Монгол Улсаас есөн хорих ял эдэлж буй хүмүүс оролцож байна. Өнөөдрийн байдлаар, Монголын баг Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ хоёрдугаар байраар шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо.
Монголын шатрын холбооноос гаргасан мэдэгдэлд “Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, их мастeр, Дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулж байгааг дуулгахад таатай байна мөн ШШГБ-ын нийт хамт олонд бүх талаар дэмжин хариуцлагатай оролцож байгаад Монголын шатрын холбооны зүгээс гүн талархал илэрхийлье.
Дэлхийн шатрын холбоо нь цар тахлын үед хамгийн олон төрлийн тэмцээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үүний нэг нь энэхүү тэмцээн билээ. Хэдийгээр гэмт үйлдэл хийсэн ч гагцхүү шатрын спортоор дамжуулан тив дэлхийд эх орноо сурталчилж буй тамирчдадаа баяр хүргэхийн ялдамд олон зууны түүхтэй шатрын спорт хүнд ийнхүү боломж олгож буй мөчийг харахад бид баяртай байна хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.