УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан Сүхбаатарын талбай дээр хугацаагүй суулт зарлалаа. Тэрээр Засгийн газрыг буутал энэхүү суултаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
С.Жавхлан "Эрхэм Ерөнхийлөгч та ажлаа хийж Засгийн газрыг тараана уу гэж шаардаж байна. Монголд өнөөдөр үнэн зүйл байхаа больсон. Ерөнхий сайдыг хүрч ирэхийг урьж байна. Олон асуух асуулт байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хамаг хариуцлагаас зугтаан мод тариад явж байна. Мод тарих биш монголоо авар л даа. Энэ их өвчин зовлонтой тахлаар үхэж байхад Ерөнхийлөгч гол усаар 200-300 хүн дагуулж зөндөө найрлалаа. НҮБ-ын хурал дээр очоод Монгол Улс болж байна шахуу худлаа яриад явж байна. Монголд өнөөдөр үнэн алга. Монголыг гэх сэтгэлтэй мянга мянган залуус бий шүү. Тэд надтай холбогдож байгаа.
Миний өнөөдрийн суулт нөхөн сонгуультай ямар ч хамаагүй. Нөхөн сонгуулиар дахиад хоёр мал нэмж болохгүй гэж хэлсэн. Сонгууль хийж байна гэж хөдөө орон нутгаар өчнөөн халдвар тараалаа. Өчигдөр Замын-Үүдийн гаалийг хаалаа гэсэн. Бидний муулдаг хятад тавхан хүнээс халдвар илрэхэд 20 мянгаар нь шинжилгээнд хамруулж байна. Эд нар дэлхий даяараа хүн өвдөөд үхээд байна гээд иргэдийгээ үхэг гээд хамаагүй мэт хэлж байна.
Хүний амь модноос илүү үнэгүй болсон юм уу. Хүний амь дроны шоунаас илүү үнэгүй болсон юм уу. Ийм амьдралаар амьдраад байна шүү дээ. Эх орондоо хайртай залуусын талбай дээр гарч ирэхийг уриалж байна. Энэ хүмүүс иргэдээсээ уучлалт гуйн буутал би энд сууж байна.
Би цагдаа нартай толхилцох гэж ирээгүй. Биднийг муудалцуулаад байгаа саарал ордонд байгаа хүмүүсийг буутал тэмцье. Энэ бидний талбай, тэд нарын талбай биш. Бид үгээ хэлэх ёстой" гэлээ.