С.Эрдэнэ Ардчилсан намын дотоод зөрчил шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ "АН-ын бүлэг дотор байгаа Х.Баттулгын шууд нөлөөнд байдаг зарим нэг гишүүд өнөөдөр эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцох асуудал дээр гарын үсэг зурсан гишүүдийг бүлгээс шахан зайлуулах, бүлгийн аль нэг удирдлагад байгаа үйл ажиллагааг булааж авах гэх мэтийн үйл ажиллагаа явагдаад эхэлсэн. Өнөөдрийн эрх барьж байгаа Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг гардан зохион байгуулж байсан бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах, бүлгээс сонгогдсон зарим нэг улс төрийн албан тушаалтныг солих үйл явдлууд маш хүчтэй өрнөж байгаа. АН-ын зүгээс УИХ дахь бүлгийн гишүүдийг бид хамгаална. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэр хүний урт гар өнөөдрийг хүртэл татагдаагүй тэр хүн өнөөдөр АН-ын хор дахь бүлгийг тараах хэмжээнд улс төрийн хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаад намын даргын хувьд харамсаж байна.
Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч мэтээр нэр бүхий шүүгч Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн нь хууль зөрчсөн асуудал гэдгийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх тогтоосон. Энэ нь эцсийн шийдвэр юм. Ингэснээр Ардчилсан намын дотоод маргаанд цэг тавигдсан. Ц.Туваан гэдэг хүний дүрмийн бус үйл ажиллагаанууд нь бүгд хүчин төгөлдөр бус болж байгаа.
Одоо хууль ёсны Ардчилсан нам, хууль ёсны намын дарга нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулна. Бид намын шинэчлэлийн төлөө ажиллана.
Намын үндсэн дүрэм болон Улс төрийн намын хуулийн хүрээнд дараагийн удирдлагаа сонгон баталгаажуулж, Дээд шүүхэд бүртгүүлнэ. Дахиж тамгатай тамгагүй, эрхтэй эрхгүй гэх асуудал яригдахгүй. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийд байдаг. Давж заалдах, гомдол гаргах эрхгүй тул дахин маргаан гарахгүй.
Сөрөг хүчний хувьд Ардчилсан нам эрх баригчдад хяналт тавьж, өнөөгийн нийгэмд тулгамдаад буй улс төр, эдийн засаг, хүний эрхтэй холбоотой олон чухал асуудалд эрх баригчдаас хариу нэхнэ" гэв.