
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн тухай хуульд хууль тогтоох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагыг дэмжих тухай заасан байдгыг дурдаад, энэ хүрээнд тус чуулганыг санаачлан зохион байгуулж буйг тэмдэглэв. Тэрбээр, “Монголчууд хууль цааз, хүний эрхийн эрмэлзлэл, тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй ард түмэн. Энэ үнэт зүйлээ ямагт тэмцэж, хамгаалж ирсэн билээ. Шударга ёс бэхжиснээр, амар тайван, аз жаргалтай амьдрах жамтай. Тиймээс шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын алдаа оноог хэлэлцэж, бодлого тодорхойлох зорилгоор энэхүү чуулганд та бүхэн ирээд байна. Хүний эрх, шударга ёс, хуулийг эрхэмлэх нэрийн дор чуулганыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар ний нуугүй ярилцах ёстой. Хүний хувь заяаг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Шударга ёс тогтоох үүрэгтэй хууль сахиулагчид хуулиа эрхэмлэн дээдлэх ёстой. Энэ хүрээнд хууль дээдлэх, хуульчийн ёс зүйг эрхэмлэн баримтлах шаардлагатай. Шударга ёс нь үр дүнгээр хэмжигддэг, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн биш хууль засаглана гэдэг Үндсэн хууль, бусад хуульд захирагдан гажуудал гаргахгүй, төрийн хуулийг яс чандлан сахихыг хэлж байгаа юм” хэмээн хэлэв.
Мөн тэрээр, шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын материаллаг бааз, ажиллах орчин зэрэг шийдвэрлэх ёстой олон зүйлд анхаарч хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр чуулганд илтгэл тавина. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүс шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, оролцох юм.
Чуулган “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга хариуцлага” сэдвүүдээр салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг оролцогчдод танилцуулж, Үндэсний чуулганаас зөвлөмж гаргах юм.