Дэлхий дахинд цар тахал нүүрлэж, иргэдийн амьдрал их, бага хэмжээгээр өөрчлөгдсөн. Тодруулбал, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, зарим иргэд ажилгүй болсон. Энэ талаар иргэдийн байр суурь, үзэл бодлыг сонслоо.
Иргэд:
“Гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд л бусад нь өвдөх магадлал маш өндөр болдог. Манайх ам бүл долоо. Нэг хүнийг эмчлэхэд дунджаар 200 мянган төгрөгөөр эмчлүүлдэг. Бусад нь дагаад өвдөхөөр 200 мянга, 200 мянга гэхчлэн нэг сая хол давдаг. Өвдсөн хүн мэдээж ажлаасаа чөлөө авна. Тэгэхээр цалингүй байх нь асуудлыг ар араас нь дагуулдаг. Түүнчлэн сургуулийн насны хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй байх нь хоцрогдол үүсгэж байна ”
“Бүх зүйлсийн үнэ өссөн энэ үед тэтгэврийн таван төгрөгөөр амь залгуулах нь үнэхээр хүндрэлтэй байдаг. Настай хүмүүсийн хувьд эм тариандаа ч мөнгө нь хүрэхгүй байна. Хоёр жилийн хугацаанд сайжирсан зүйлгүй улам муудсан санагдаж байна”
“Монголчууд цалингаараа амьдардаггүй, амь залгуулдаг гэдэг үнэхээр үнэн. Цар тахалтай энэ үед урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л амьдарч байна”
“Цар тахал нь нийгэмд муугаар нөлөөлсөн ч түүний зэрэгцээ сайн зүйлсийг бий болгосон. Түүний нэг нь цахимаар ажиллах. Энэ нь цар тахалтай хүнд үед санхүүгийн хүндрэлийг бага ч болов бууруулсан. Энэ хэцүү үед байрны зээлээ цахимаар ажилласны ачаар талыг нь ч болов хийж чадсан” гэв.