Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ.
Онцлох эшлэлийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газар Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа.
- Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа.
- Харин манай улс энэ оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.
- Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.
Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье.
- Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна.
- Цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.
- Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.
Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн 3 онцлогийг товч тоймлон хэлье.
Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм
- Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.
- Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.
Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
- Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.
- Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.
- Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа.
Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна.
- Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. 2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.
- Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.
Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.
- Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.
- Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.
- Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.
- Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.
Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.
Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.
- Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслэлийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.
- Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно.
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье.
- Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.
- Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт 3-р тун ус агаар мэт хэрэгтэй билээ.
Иргэд Та бүхэн нэмэлт 3-р тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна.