Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж. Бямбадорж:
Ковид19 халдварын өдөрт батлагдах тохиолдол буурсан үзүүлэлттэй байна. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж байгаагийн зэрэгцээ дүүрэг бүрд жирэмсэн эхчүүд 100 хувь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт тохиолдлын 18 хувийг эрсдэлтэй, цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс эзэлж буй. Сүүлийн долоо хоногт нэмэлт тунгийн дархлаажуулалт нэмэгдсэн. Хоёр долоо хоногийн өмнөөс эмнэлгүүдэд ор зохицуулалтын багийг ажиллуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 511 хүн байснаас 485-д ор гаргасан. Өнөөдөр үлдсэн 49 хүнийг хэвтүүлнэ. Гэхдээ эмнэлгийн орны эргэлт удаашралтай байна.
Энэ долоо хоногт гэртээ нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Түүнчлэн томуугийн вакцинд хамрагдвал зохих 2-11 насны хүүхдүүдийн 97.5 хувь, жирэмсэн эхчүүдийн 93.3 хувь хамрагдсан. Их дээд сургуулийн оюутнууд, сурагчид дунд халдварын нөхцөл байдал ямархуу байгааг тандан судлах баг аижллаж байна. Сүүлийн 24 цагт цэцэрлэгээс 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан халдвар авсан. Харин ЕБС-аас 117 сурагч, 43 багш 7 ажилтан халдвар авсан нь батлагдсан.