Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлаж нээлтээ хийлээ.
Уг хөлбөмбөгийн талбайн нээлтийн ажиллагаанд УИХ-ы гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Биеийн тамир Спортын Улсын хорооны Спорт бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баттулга, “ДМЮ 40 мянгат юнайтэд” клубын тэргүүн, Монголын Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүн Б.Батзаяа болон дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, ЕБС-ын удирдлагууд, Монголын Хөлбөмбөгийн 55+ ахмадын баг, дүүргийн Засаг даргын Өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцлоо.
“Энэхүү талбай нь олон улсын стандарт нийцсэн анхны талбай гэж хэлж болно. Бид дүүргийнхээ нутаг дэвсгэрт байгаа сургуулиудын гадна талбайг тохижуулах, хүүхэд, өсвөр үе, залуусыг спортоор хичээллэх боломжийг хангахын төлөө ажиллана. Цаашид зөвхөн хотын төвийн сургуулиудын талбай гэхгүй гэр хорооллын дундах сургуулийн гадна талбайг олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөг, сагсанбөмбөг болон бусад спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах боломжой талбайтай болгохоор зорьж байна” гэж нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ дурдлаа.
Талбайд Монголын хөлбөмбөгийн 55+ ахмадын баг, дүүргийн өсвөрийн шигшээ баг нөхөрсөг тоглолт хийлээ. Мөн Монголын Хөлбөмбөгийн холбооны зүгээс ирсэн хүндэт зочид болон, 24 дүгээр сургуулийн захиргаанд дурсгалын зүйлс гардуулан өгсөн юм.
Энэхүү хөлбөмбөгийн талбай нь олон улсын аюулгүйн шаардлагад нийцсэн, стандартын дагуу хийгдсэн бөгөөд Монголын хөлбөмбөгийн түүхийг бичилцэж ирсэн ахмад хөлбөмбөгчид, шинэ залуу гэрэлт ирээдүйн төлөөлөлд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.