Өнөөдөр Ардчилсан намаас Н.Алтанхуяг С.Ганбаатар гишүүнийг бүлгээс хасаж намаас Ц.Туваан гишүүнийг гаргах шийдвэрийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гишүүн танилцууллаа.
“Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн 2020 оны сонгуулиар нэг нь МАХН-аас нэр дэвшсэн. Нөгөө нь бие дааж нэр дэвшсэн. Тийм учраас намын дүрэм хуулийн дагуу ардчилсан намын бүлэгт орж үйл ажиллагаа явуулах эрхгүй.
Өмнөх УИХ-д Ж.Батзандан гишүүн, Л.Болд гишүүн хоёрыг ардчилсан намаас хөөснөөс болж Ардчилсан намын бүлэг бүлэггүй болж байсан. Яг энэ жишгээр хуулиараа л явж байна. Манай намын даргын асуудал маргаантай байгаа. Шат шатны шүүхэд шийдвэрлэгдээд явна. Гэхдээ намын дарга хуулийнхаа дагуу ажлаа хийгээд үүрэг гүйцэтгээд явж байгаа. Бид нэг хүн, компаниас хамааралтай нам биш. С.Эрдэнийн О.Цогтгэрэл, М.Тулгатын нам биш. Буянгийн Жаргалсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нам гээд байж байгаад алга болчихдог нам биш” гэж шийдвэрээ АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гишүүн хэллээ.
“Ард түмнээсээ сонгогдсон ардчилсан намын нэр дээр сонгогдсон гишүүдийг намаас хөөнө гэсэн асуудал байхгүй. Үүнийг би эсэргүүцэж байна. Бүлгийн бүтцийн асуудлаар нэг дэх өдөр санал солилцсон” гэж тус намын гишүүн Б.Пүрэвдорж ярив.
Харин АН-ын бүлгийн гишүүн Б.Бейсен “Намаас гаргана гэдэг тийм шийдвэр гараагүй. Бүлэг дээр яригдсан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Бид нар ийм шийдвэр гарсан гэдгийг мэдээгүй. Намын шийдвэр гараагүй байна. Долоо хоногоор хойшлуулаад нэгдсэн журмаар ярина гэж тохиролцсон” гэв.
“Намын эсрэг удаа дараа ажилласан гэж намаас гаргах шийдвэр дээр дурджээ. УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд үндсэн дүрмийн хорооны хурал наймдугаар сарын сүүлээр хуралдаад намын гишүүдээс ирсэн гомдлын дагуу авч хэлэлцээд намын дүрмийн сахилгын санкцууд дагуу намын гишүүнээс гаргах арга хэмжээ авах тогтоол байдаг. Үндсэн дүрмийн хороо намын удирдлагаас тустай явуулдаг. Намаас хүн хөөх гэдэг байх ёсгүй асуудал. Гэхдээ манай намын дүрэмд байдаг болохоор энэ дүрмээрээ явахаас өөр арга байхгүй. Манай ардчилсан нам дотоод эв нэгдэл рүүгээ явж байгаа. Дотоод асуудлыг гаргаж тавиад хүндрүүлээд байх нь зохимжтой биш” гэж ардчилсан нам М.Тулгат хэллээ.