УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хассан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан Ц.Тувааныг тус намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. УИХ-ын тухай хуульд намын бүлэгт зөвхөн тухайн намаас сонгогдсон гишүүн ажиллана хэмээн заасан. Энэ дагуу Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн хурал, үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээллээ.
Тэрбээр, “Уг хуулийн дагуу өөр намаас сонгогдоод намын харьяаллаа сольсон, бие даан нэр дэвшээд намд элссэн УИХ-ын гишүүд намын бүлгийн хуралд оролцох ёсгүй юм байна. Би УИХ-ын Хуулийн хэлтсээс лавлагаа авсан. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар, бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг нарыг бүлгийн хуралд оролцуулахгүй. УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Тэрбээр АН-ын гишүүн биш учраас энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна. Бид хаана ч дүрмээ дагаж мөрдөж ажиллана гэдгээ илэрхийлье” гэлээ.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваанаас утсаар тодруулахад “Бүлгийн бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Түүнд хардаж тийм зүйл ярьж байгаа биз. Одоогоор намайг бүлгээс хөөсөн талаар мэдсэн зүйл алга. Би ч хөөгдсөөр байгаад дөжирсөн хүн дээ” гэв.