Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр "Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өчигдөр цахимаар уулзлаа. /Бид энэ талаар сайтдаа мэдээлсэн/ Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Гашуунсухайт боомтын саатал болон Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.
Өчигдрийн уулзалтаар яригдсан асуудлыг дунд, доод шатанд үргэлжлүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг өнөөдөр Сангийн сайдаар ахлуулж ажиллах шийдвэр сая Засгийн газрын хуралдаанаар гарлаа. Ойрын хугацаанд эдгээр асуудлуудын араас уулзалтын мөрөөр ажил зохион байгуулах зүйлс бидний өмнө үлдлээ"
Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Одоо хилийн боомт дээр байгаа тээврийг татан оруулна гэлээ. Түүнээс цааш нөхцөл байдал яаж үргэлжлэх вэ. Дахин ачаа тээвэр бөөгнөрөх юм биш биз дээ?
-Өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлэхдээ хятадын өөрсдийн нутаг дэвсгэр дээр ч ложистикийн асуудал хүнд байдалд байна. Ялангуяа т өмөр замын хувьд ачаа тээврийн хангалт техникийн хувьд дутмаг байгаа. Гэсэн хэдий ч хойд хөршийнхөө худалдааны хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж онцгойлон анхаарна гэдгээ илэрхийлсэн. Энэ бол ганц манайд болж байгаа асуудал биш, хятадтай хил залгаа, далайн тээврээр дамжуулж бараа бүтээгдэхүүн авдаг бүх л улсуудад ижил нөхцөл байдал үүсэж байгаа.
Сангийн сайд "Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээр Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон.
Хоёрдугаарт орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.
Боомтын захиргаа боломжоороо ажиллаад байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа.
Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага.
БНХАУ-н талаас худалдаад авчихсан нүүрс хилийн наана гацсан байгаа. Тиймээс үүнийг нэн түрүүнд гаргаж өгөх асуудлыг бид БНХАУ-ын талд тавьж байна. Тиймээс чингэлэг тээврийн терминалыг байгуулсан. Аль болох харилцан хүний контакт үүсгэхгүй байдлаар боомтуудын экспортыг зохион байгуулахаар дээд хэмжээнд ярилцсан.
Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Түр журмаар ажиллах журам, дүрмээ гаргачихаад БНХАУ-ын талаар хариу хүлээж байна.
Харилцан гадаад худалдаагаа хүндэтгэх үүднээс эхний ээлжинд БНХАУ-аас худалдаад авчихсан нүүрсийг гаргах бөгөөд энэ жилийн хувьд экспортын төлөвлөгөөн дээр томоохон цохилт авна. Энэ бол зайлшгүй нүүр тулах хүндрэл болчхоод байна.
Хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцчихсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана.
Гурван сайд хамтран өчигдөр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа.
Би буруу ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэхэд маш ойлгомжтой хариулт өгсөн. Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй. Ойрын жилүүдэд буцаан олголт өнөөдрийнхөөр хэвийн үргэлжилнэ. Өөрчлөлт орохгүй гэсэн үг.
НӨАТ бол олон улсын сонгодог татварын хэлбэр. Дэлхийн 168 улсад байдаг татвар. Манайх хувь хэмжээгээрээ багадаа буюу 130 хувьд ордог. Тэгэхээр энэ хувь хэмжээг багасгах гэхээс илүүтэй НӨАТ-ын татвар төлөлтийн сууриа сайжруулж, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Ойрын хугацаанд НӨАТ-ын бодлого тогтвортой үргэлжилнэ" гэлээ.