Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 12-ны өдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцлоо.
Сайд нарын уулзалтад ОХУ, Энэтхэг, Монгол, Катар, Бахрейн, Киргиз, Беларусь, Узбекистан зэрэг АХАИББХ-ын гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож, цар тахлын дараах шинэ нийгэмд хэрхэн хамтран ажиллах, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээж, идэвхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах асуудлаар санал солилцсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Сайд нарын 6 дугаар уулзалт нь КОВИД-19 цар тахлын дараах олон сорилтуудад үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү нягт хамтран ажиллах шаардлагатай чухал цаг үед болж байгааг онцлоод АХАИББХ нь олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үр дүнтэй тавцан болсныг тэмдэглэв.
Төлөөлөгчдийн тэргүүн нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаевд бараалхаж, АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын төв байрны албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг байгуулах саналыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47-р чуулганы үеэр буюу 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч асан Н.А.Назарбаев дэвшүүлж байсан бөгөөд ирэх 2022 онд АХАИББХ байгуулагдсаны 30 жилийн ой тохиох юм.