Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашийг буулган, иргэдийн санал, хүсэлтийн дагуу тохижилтын ажил эхлүүлсэн.
Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зам байхгүйн улмаас зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байв. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эдгээр гараашнуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн. Тохижилтын ажлыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн байна. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээг цаашид тухайн хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар болжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүрэг орон нутаг, нийслэл, УИХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, цар тахлын хүнд үед дотоодын, тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудаа дэмжин уг тохижилтын ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд манай дүүрэг 400 орчим гарааш, хашаа, хайсыг буулгаж, газар чөлөөлсөн бол ирэх жил энэ ажлаа эрчимжүүлж, 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгана. Иргэддээ зориулсан, нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг шийднэ” хэмээв.
84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүд хийсэн юм. Ингэснээр 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг өөрсдөө бие даан 120 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэжээ.
Эх сурвалж: БЗД-ийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба