“ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” үзэсгэлэнг СГЗ, зураач Д.Гунгаа, зураач Г.Болдбаяр нар хамтран 2021 оны 10 сарын 4-өөс 2021 оны 10 сарын 14-ны хооронд гаргаж байна. Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлч өөр өөрийн өнгө төрх бүхий график, зураасан зургийн аргаар зурсан 50-аад шинэ уран бүтээлээ дэлгэжээ.
Зураач Г.Болдбаярын хувьд бүтээлүүдээ зураасан зургийн ертөнцөд шинээр мэндэлсэн Ice Tech буюу мөсжүүлэн зурах арга барилаар зуржээ. Тэрбээр энэ тухай “Миний зурах гол арга барил юу вэ гэхээр мөстүүлэн зурах “ICE TECH” юм. Өвөл цонхон дээр янз бүрийн хэлбэр дүрс бий болдог шүү дээ. Яг үүн шиг цаасан дээр мөстлөгөөс үүдэлтэй цана үүсээд янз бүрийн хэлбэр гарна. Ерөнхийдөө энэ зургийг хүйтэн нөхцөлд цельсийн хасах 3-8 хэмд зурдаг. Энэ бол зураасан зургийн төрөлд шинэ арга барил. Ганцхан Монголд л энэ аргаар мөстүүлэн зурах аргыг бий болгосон гэж хэлж болно. Намар гадаа зураг зурахаас усан будаг хөлдөөд талст үүсдэг. Үүнийг ажиглаад зургийн энэ физик үзэгдэл чинь сонин зүйл юм байна гэж бодоод ажигласны үндсэн дээр энэ санаагаа олсон. Сүүлийн таван жилийн хугацаанд мөстүүлэх аргаар зурж байна. Одоо ч гэсэн суралцсаар байна.
Энэ бол шинэ инноваци. Үүнийг дэлхий дахинд цацвал хүмүүсийн сонирхлыг маш их татна гэж боддог. Байгалиасаа өөрөө хөлддөг учраас энэ мөстүүлэх арга барилаар зурсан зураг ердөө ганцхан хувь л байх юм. Дахиж яг ийм хэлбэр дүрс үүсэхгүй. Нэг үгээр байгаль эх өөрөө зурж байгаа юм. Хөлдөөд цаасан дээр үүссэн хэлбэр дүрсийг би загварчилж байгаа. Тэгэхээр би энэ зургийг зураагүй. 15-20 секундэд хөлдөж энэ хэлбэрүүд үүсдэг. Зуны улиралд зурах боломжгүй. Тэгэхээр би өвөлдөө бэлдэж аваад зун нь дүрсжүүлдэг.
Зураач Г.Болдбаярын хувьд 18 насандаа Болгар улсын Үндэсний урлагийн академийг зорьсноос хойш зураасан зургийн чиглэлээр 40 гаруй жил дагнан уран бүтээлээ туурвиж байна. Нэг зургийг тэр дор нь зураад дуусна гэж байхгүй. Нэг эхлэхдээ 5-6 зураг эхлүүлдэг. Үзэсгэлэнд тавьсан мөстүүлэх аргаар зурсан зургуудаа зурахад тэрбээр гурван жилийг зарцуулсан гэв.
Харин СГЗ, зураач Д.Гунгаа гуай энэхүү хамтарсан үзэсгэлэндээ зориулж “Хүн төрөлхтний уран сэтгэмж, гоо зүйн мэдрэмж, урлахуйн ухааны мэдлэгийн охь дээж оргил цэг нь урлаг билээ. Бид сүүлийн үед хийсэн бүтээлүүдээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, шинэ арга технологийг амжилттай туршин цаасан дээр буулгаж, оюунлаг орон зай бидний бүтээл туурвих цаг хугацаа хязгааргүй уран сэтгэлгээ, эерэг энерги, нарийн мэдрэмжээр дүүрэн билээ” хэмээн бичжээ.
Усан будаг, харандаа гээд зургийн бүхий л арга барилыг хослуулан зурдаг гэдгээрээ СГЗ, зураач Д.Гунгаа алдартай. Тэрбээр анх гэрийнхээ цагаан бүрээсэн дээр зурдаг байсан гэж хуучиллаа. Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх зургийн ангийг 1969 онд төгссөнөө хойш 50 гаруй жил Монголын уран зургийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Гунгаа зураач “70 өнгөрөөд 80 хүрэхээр хүч чадал ороод ирдэг юм байна. Одоо би судалгаа хийчихсэн, номууд уншчихсан. Миний хийж бүтээх ид үе гэж бодож байна. Хүн чинь амьдралынхаа явцад суралцсаар байдаг юм байна. Миний хувьд цаашид нийгмийн эмзэг өнгө төрхийг хөндсөн бүтээл хийнэ гэж бодож байгаа. Зураасан зургаар бүхий л зүйлийг илэрхийлж болдог. Уран зураг хүнийг мэдрэмжтэй болгодог. Миний хувьд уран зургаас маш их сэтгэлийн таашаал авдаг” гэв.
Та бүхэн Норпэй арт галерейд 10-р сарын 14-ыг хүртэл зочилж Болгарь улсад Монгол улсаас суралцсан хоёр зураачийн хосгүй бүтээл, хамтарсан үзэсгэлэнг үзэж сэтгэлийн таашаал авч, уран бүтээлийн ертөнцөөр аялаарай.