БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд орон сууцны үнэ, ипотекийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Орон сууцны үнийн өсөлтөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Эхнийх нь барилгын материалын үнийн өсөлт бол нөгөө талд ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, барилгын компаниуд үнээ өсгөх байдал анзаарагдаж байгаа.
2021 оны аравдугаар сарын 8-ны байдлаар 822 тэрбум төгрөгийг 10 мянган зээлдэгчид олгоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өссөн дүн юм.
Барилга 50 хувь нь угсралтын зардал байдаг. Тэгэхээр барилгын материалын үнэ 40 хувиар өсөхөд метр квадратын үнэ 20 хувиар өснө гэсэн үг. Өнгөрсөн жил орон сууцны м.кв-ын үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая орчим байгаа. Үндсэндээ материал давсан өсөлттэй байна.
Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд өнгөрсөн есдүгээр сард л гэхэд 13560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж байгаа 32 мянган орон сууц байна. Үүний 12 мянга нь энэ онд ашиглалтад орно. Мөн улсын хэмжээнд төрийн өмчит 5000 айлын түрээсийн орон сууц байдгаас 3000 нь нийслэлд бий. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг метр квадратыг иргэд 6000 төгрөгөөр түрээсэлдэг. Дунджаар 40 мкв байрны сарын түрээс 240 мянган төгрөг байдаг.
Монгол Улсад орон сууцыг хувийн хэвшлийнхэн барьдаг. Төр орон сууц барьдаггүй учраас үнэ тогтоох боломжгүй" гэлээ.