УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.
Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.
Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.