Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар БХБЯ мэдээлэл өглөө. Барилга, хот байгуулалтын яамнаас хэрхэн анхаарал хандуулах ажиллахаар төлөвлөж байгаа талаар танилцууллаа.
БХБЯ-ны Газрын дарга Д.Гантулга "Бид үнийн өсөлтийг үнэхээр өссөн үү, хомсдолтой холбоотой өсөөд бууж байна уу, хөөсрөлт байна уу гэдэг дээр бид холбогдох байгууллагуудтай ярилцаад голлох дөрвөн бүтээгдэхүүн дээр ажлын хэсэг байгуулан үнэхээр зах зээлийн монополь мөн, бишийг нь тогтоон үүний дагуу хийх ажлуудыг төлөвлөөд байна. Бид хэчнээн ААН-ээ бодож байгаа ч барилга байгууламжийн чанарт анхаарах болно.
- арматур болон төмөр хийц 81 хувь
- дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөн 92 хувь
- тоосго 52 хувь
- мод 70 хувь тус тус өсөлттэй байна.
Эдгээр нь хэд хэдэн зүйлээс шалтгаалж байна. Импортын бараагаар ирдэг бүтээгдэхүүн учраас цар тахлын улмаас гадаад зах зээл дээр төмрийн хүдэр үнэ өссөнтэй, цементийн үйлдвэрт ажилладаг гаднын ажиллах хүчин ирээгүй, тээвэр ложистиктой холбоотой үнэ өссөн.
Барилгын хөгжлйин төвийн захирал Ц.Амарсанаа "Сүүлийн төслүүд дээр барилгын материалын үнийн өөрчлөлт хурцаар яригдаж байна. Энэ ганцхан монголд болоод байгаа асуудал биш. Дэлхий нийтэд цар тахлын нөлөөгөөр тээвэр, ложистикийн асуудал, барилгын материаллын үйлдвэрлэлийн асуудал нэлээд хөндөгдөж байна. Үүний хүрээнд Монгол Улсад улсын төсвөөр барилга байгууламж барьж байгаа компаниуд үнийн өөрчлөлтийн улмаас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлууд удааширалтай байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрхэн тооцох урьдчилсан тодорхойлолтыг гаргаад байгаа ба 2021 оны үнийн өсөлтийн индекс 1,45 гэсэн хувьтай гарч байна. Мөн ҮСХ-ны хорооны даргын тушаалаар гаргасан тооцооллоор индекс өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 1,36 хувийн өсөлттэй байгаа нь ойролцоо гарсан үзүүлэлт юм. Нэг үгээр барилгын материал 36-40 хувиар өссөнийг хоёр аргачлалаар тооцож гаргаад байна.
Тиймээс яамнаас үнийн өсөлттэй нөхцөлд хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Мөн холбогдох байгууллагуудтай хамтраад үнийн өсөлтийн шалтгаан зайлшгүй байгаа эсэхийг хянана. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн урт хугацааны төсөлд энэхүү индексийг барина. Улсын төсөвт магадлалаар тусгана. Өөрөөр хэлбэл одоо үргэлжилж байгаа барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгана. 2022 оны барилгын төсөвт амжихгүй бол 2023-2024 оны төсөвт суулгах төлөвлөгөөтэй байна. Үнийн өсөлт, материалын хангамжтай холбоотойгоор төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын бүтээн байгуулалт удаашралтай байна" гэв.