"Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд байх нүхнээс хүний цогцос олдсон, гаргахад тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ сарын 11-ний өдрийн 16:45 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг 9 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр сураггүй алга болсон. Дээрх дөрвөн метрийн гүнээс олдсон цогцос нь уг сураггүй болсон иргэн болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоожээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад "Налайхаас олдсон цогцос урьдчилсан байдлаар тохиорч байна. Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгана. Нарийн шинжилгээний дүгнэлтээр хэн болох, үхлийн шалтгаан нь эцэслэн тодорхой болно" гэв.