Энэ он гарсаар улсын хэмжээнд 987 мянга 787 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс есдүгээр сард 63.302 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 8 дугаар сартай харьцуулахад 35 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сард бүртгэгдсэн нийт зөрчлийн хэргийн 61.7 хувь нь нийслэлд, 38.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.9 хувийг Цагдаагийн байгууллага, 0.8 хувийг Мэргэжлийн хяналт, 0.04 хувийг Онцгой байдал, 1.26 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар 44.271 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 37 хувиар буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.5 хувь нь эрэгтэй, 22.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 37.4 хувийг нь 26-35 насныхан эзэлж байна.
Зөрчлийн хэргийн улмаас 348.957 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 299.657 мянган төгрөгийн буюу 85.8 хувь нь нөхөн төлөгджээ.
Зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт өмнөх 8 дугаар сартай харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 320 бүртгэгдэж 48 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 458 бүртгэгдэж 30 хувиар, Танхайрах зөрчил 159 бүртгэгдэж 16 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 192 бүртгэгдэж 9 хувиар тус тус өсжээ.
Харин Хулгайлах зөрчил 14 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 5 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүний биед халдах зөрчил 3 хувиар тус тус буурчээ.
Өнгөрөгч 9 дүгээр сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36631 бүртгэгдэж өмнөх сараас 41 хувиар буурсан хэдий ч нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг энэ төрлийн зөрчил дангаараа эзэлж байна.